Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

2020 онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалт 11%-иар буурна

Дэлхийн геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын 2020 оны судалгааны тайлангаа “S&P Global Market Intelligence” танилцууллаа. Судалгаанд төрийн болон хувийн хэвшлийн нийт 2500 компанийг хамруулсан байна. Тус тайлангийн дагуу, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоосны улмаас энэ онд геологи, хайгуулын хөрөнгө оруулалт 11%-иар буурах тухай өгүүлсэн байна. Өнгөрсөн жилийн сүүлийн хагаст геологи хайгуулын салбар сэргэх хандлагатай байсан ч 2020 онд дэлхий дахинд шинэ коронавирус дэгдсэнээр энэ жилийн хоёрдугаар хагаст геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт буурав. Урьдчилсан судалгаагаар, дэлхийн хэмжээнд өнгөт металын хайгуулын нийт хөрөнгө оруулалт 2019 онд 9.8 тэрбум доллар байсан бол энэ жил 8.7 тэрбум доллар болж буурахаар байна.

Өнгөт металын хайгуулын зардал (1996-2020) /тэрбум ам.доллар/

Ихэнх металын ханш буурч, эдийн засаг саарсан зэргээс шалтгаалан 2019 оны эхний хагас жил хайгуулын хөрөнгө оруулалт бага зэрэг буурсан хэдий ч тухайн жил үнэт металын үнэ өсч, өнгөт металын ханш тогтворжсон. Зах зээлийн идэвхжил ч мөн өсч, жилийн эцэст хайгуулын салбарын хөрөнгө оруулалт 2018 оны түвшингээс нэмэгджээ. Гэвч 2020 онд Ковид-19 тархсанаар геологи, хайгуулын ажил, хөрөнгө оруулалт сэргэх өөдрөг хандлага үгүй болов. Том эдийн засагтай олон орон хилээ хааснаар түүхий эдийн эрэлт огцом буурч, улмаар өнгөт металын ханш гуравдугаар сарын эцэс хүртэл уруудаж, тодорхойгүй байдал дэлхийн зах зээлд савлагаа авчрав. Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио нь хайгуулын эхний үе шатанд харьцангуй хүчтэй нөлөөлсөн.

Хөл хорио нь ялангуяа хил орчмын бүс нутаг дахь хайгуулын ажилд саад учруулсан. Гэсэн хэдий ч уул уурхайн салбар цар тахлаас үүдсэн анхны цочролоос хурдан гарсан гэж “Global Mining Exploration Trends 2020” тайланд тэмдэглэсэн байна. Энэ оны гуравдугаар улиралд өнгөт металын ханш өсч, төслүүдийн санхүүжилт цар тахлын өмнөх түвшинд эргэж ирснийг тус тайланд дурджээ. Уул уурхайн салбар голлодог эдийн засагтай ихэнх улс оронд олборлох салбарын сул зогсолт харьцангуй богино хугацаанд үргэлжилсэн гэж үзэж байна. Цар тахлын нөлөөний бэрхшээлтэй тулгарсан ч улс орнуудад хайгуулын хөтөлбөрүүд эргээд үргэлжилжээ. Энэ бүх хугацаанд алтны ханш өсч хэдэн сарын турш унц нь 1900 ам.доллараас дээш түвшинд хадгалагдсан ч үүнээс хойш бага зэрэг буураад байна. Эдгээр бүх хүчин зүйл нь нөхцөл байдлыг илүү эерэг болгож 2020 оны гуравдугаар сарын сүүлээр төсөөлж байсантай харьцуулахад хавьгүй дээрдүүлж өгсөн гэж хэлж болно. 

Хайгуулын салбарт өөдрөг шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Тухайлбал, хайгуулд идэвхтэй хөрөнгө оруулж буй компаниудын тоо 1762 болж өнгөрсөн онд 1708 байснаас 3%-иар нэмэгджээ. Хайгуулын хамгийн чухал түүхий эдэд тооцогддог алт, зэсийн ханш 2020 оны эхэн үеийнхээсээ харьцангуй өндөр байгаа нь ирэх жилд хайгуулын хөрөнгө оруулалт сайжрахад дэмжлэг үзүүлнэ гэж тайланд онцолсон байна.

Э.Од


 

Сэтгэгдэл (1)