Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт үндэсний семинар энэ сарын 06-нд МУИС-ийн дугуй танхимд боллоо. Уг семинараар салбарын эрдэмтэн судлаачид, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл цөмийн техник, технологийг ашиглаж, сүүлийн үед гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад”, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Цацрагийн аюулгүй байдлын хяналт, бодлого төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж, семинарыг нээсэн юм.
“Монгол Улс бусад улс орны адил цөмийн технологийг нэлээд өргөн хэмжээнд ашиглаж байна. Уур амьсгалын өөрчлөлттэйгээр цөмийн технологийн хэрэглээ нэмэгдсээр байгаа. Гэхдээ Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал бол судалгаатай холбоотой материаллаг баазын хүндрэл. Өндөр өртөгтэй, урт хугацааны менежмент шаардах багажууд шаардлагатай. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлбэл томоохон дэвшил болно” хэмээн тэрээр тодотгов.
Семинарын эхний хэлэлцүүлгийн илтгэгч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйг тасгийн эрхлэгч Б.Энхтуяа “Цөмийн анагаах ухаанд ашиглаж буй технологи” илтгэлдээ “Цөмийн оношлогоо эд эс, молекулын түвшинд үйлчилдэг. Эсийг бүтцийн өөрчлөлтөд ороод хавдар болж хүндрэхээс өмнө илрүүлж оношлох боломжтой” хэмээн тодотголоо.
“Цөмийн технологи Эрүүл мэндийн салбарт” хуралдаанд Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн оношлогооны их эмч С.Эрдэнэчимэг “Монголын цөмийн анагаах ухааны хөгжлийн шинэ эрин” сэдвээр илтгэлээ. Тэрээр, хавдар оношлогдсон хүн бүр PET-CT оношилгоо заавал хийлгэсэн байх ёстой. Одоогийн байдлаар PET-CT оношилгоог хийлгэхийн тулд монголчууд Хятад эсвэл Солонгос гээд заавал гадаад улс руу явдаг. Гадагшаа явж энэ төрлийн хавдрын оношилгоо хийлгэхэд 3-7 мянган ам.доллар шаардлагатай” гэлээ. “ПЕТ компьютер томографийг Монголд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Циклотронд суурилсан цацраг идэвхит эмийн үйлдвэрлэлтийг хамт явуулж, судсанд шууд тарих шингэн цацраг идэвхит эм гаргаж авахад бэлэн болсон. Өвчтөнд тарих эмийнхээ үйлдвэрлэлтээ анх удаа амжилттай явуулсан. Бидний төлөвлөгөөний дагуу арванхоёрдугаар сарын 1 гэхэд өвчтөндөө үйлчлэх төлөвлөгөөтэй байгааг тэрээр онцолж байсан.
Агаарын бохирдлыг бууруулахад цөмийн технологийн хэрэглээ мөн нэмэгдэж байна. Энэ талаар Герман-Монгол технологийн сургуулийн багш, профессор С.Лодойсамба “Цөмийн физикийн аргаар агаарын бохирдлыг бууруулдаг аргууд бий. Азотын давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг хортой хийнүүдийг утааны янданд цөмийн цацрагаар шарж бууруулдаг арга бий” гэдгийг тэрээр тодотгосон.
Монгол Улсад цөмийн энергийн салбар нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт цөмийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, үр өгөөжийг сайжруулах, судалгааг өргөжүүлэх, аюулгүй ажиллагааг хангуулах, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй хөгжиж байна. Өнөөдөр цөмийн технологийг дараах салбаруудад ашиглаж байгаа аж.
Тухайлбал,
Геологи уул уурхайн салбарт ашигт малтмалын эрэл хайгуул, геологийн судалгаа шинжилгээний ажилд цөмийн технологид суурилсан судалгааны багаж төхөөрөмжийг өргөн ашиглаж байна. Тухайлбал, геофизикийн судалгаанд цацрагийн шингэх, сарних үзэгдлийг ашиглан чулуулгийн нягт, элементийн агуулгыг тодорхойлдог байна.
Байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлтийг судлахад тогтвортой изотопуудыг өргөн ашиглаж байна. Гадаргын болон гүний усны тэжээгдэл, тархалт, хөдөлгөөний талаарх мэдээллийг цуглуулах, усны биетүүдийн хоорондын гидравлик харилцан үйлчлэл болон гол, нуур, уст давхаргуудын урсгалын чиглэл, гарал үүслийн эргэлтийн үйл явцыг тодорхойлоход хэрэглэдэг аж.
Аж үйлдвэрийн салбарт боловсруулах үйлдвэрт рентген тоног төхөөрөмж, цацраг идэвхт үүсгүүрийг бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийх, үйлдвэрийн процессыг хянахад ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт оношлогоо, эмчилгээ болон хавдартай тэмцэхэд ашигладаг. Дэлхийд ойролцоогоор 10 мянга гаруй эмнэлэг цацраг идэвхт изотоп, цацрагийн үүсгүүр бүхий тоног төхөөрөмж, рентген цацрагийн аппаратыг ашиглан нийт оношлогооны 90%-ийг гүйцэтгэж байна. Гадаад шарлагад ихэвчлэн ашигладаг бөгөөд орчин үед хөгжингүй орнуудад шугаман хурдасгуурыг ашиглах хандлага нэмэгдэж, дэлхийд жилд 30 мянган хүн гадаад шарлагын эмчилгээ хийлгэдэг гэсэн мэдээлэл бий.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт цөмийн сургалт, судалгаа, технологийн хэрэглээ гэдэгт мөн байгаль орчин, геологи, уул уурхайн төрөл бүрийн дээжид химийн элементийн агуулга тодорхойлох, археологийн олдворын насжилтыг тогтоох гэх зэрэг олон төрөлд ашиглаж байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт, усалгаа бага шаарддаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож ургах чадвартай, сайн чанарын үр тарианы шинэ сортыг цацрагийн технологийн тусламжтайгаар гарган авдаг байна. Түүнчлэн хөрс, усны менежментийг сайжруулах, ургамлын ургацыг нэмэгдүүлэх, био-бордоо үйлдвэрлэх, хортон шавьжтай тэмцэхэд ашиглаж байна. Хүнсний бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй урт хугацаанд хадгалах зорилгоор бактери, паразитуудыг устгахад 40 гаруй улсад 40 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарж байна.
Малын гаралтай бүтээгдэхүүнд эм, химийн бодисын үлдэгдлийг тодорхойлох, малын халдварт болон зоонозын өвчний тархалтыг судлах, эмчлэх, оношлох, эм бэлдмэл вакцин үйлдвэрлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, геологи, уул уурхайн чиглэлд хайгуул, шинжилгээ, төрөл бүрийн дээжид үндсэн ба дагалдах элементийг тодорхойлоход ашиглаж байна.
Үндэсний семинарыг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор, нэрт эрдэмтэн Даржаагийн Чүлтэмийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгууллаа. Цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшлийн 30 байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож, цөмийн технологийг хэрэглэж байгаа тухай илтгэл хэлэлцүүлж, шүүн ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.
Г.Идэр