Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Эливана” уурхайгаас хүдрийг төмөр замаар тээвэрлэхэд бэлэн болжээ

“Fortescue Metals” компани нь Баруун Австрали дахь “Эливана” уурхайгаас төмрийн хүдрийн анхны тээвэрлэлтийг төмөр замаар хийхэд бэлэн болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сараас тээврийг эхлүүлэх аж. Нийт 1.25 тэрбум ам.долларын өртөгтэй “Эливана” уурхайн цогцолборт, жилд 30 сая тонн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр, 143 км төмөр замын төсөл багтаж байгаа юм.

Төмөр зам барих ажил 2019 оны долдугаар сараас эхэлж ийнхүү ашиглалтад орж байна. Анх 2018 онд тус компаниас “Эливана” ордыг шинээр хэрэгжүүлэхээр болж, уурхайг 2020 оноос олборлохоор төлөвлөснөө мэдэгдсэн билээ. Ордын ашиглалтын хугацаа 18 жил бөгөөд 60%-ийн төмрийн агуулгатай хүдэр олборлоно. 2021 оны эхний хагаст уурхайн үйл ажиллагаа эхлэх юм.

“Эливана” ордоос гадна “Iron Bridge” уурхайн шинэ баяжуулах үйлдвэр болон бусад дэд бүтцийн байгууламжийг 2022 онд ашиглалтад оруулах төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь 2.6 тэрбум ам.долларын өртөгтэй.

2019-2020 оны санхүүгийн жилд “Fortescue Metals” компани 178.2 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оныхоос 6.3%-иар өсчээ.

Э.Од