Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Далд уурхайн зардлын эцсийн тооцооллыг танилцууллаа

Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компани төслийн өргөтгөл шат буюу далд уурхайн санхүүжилт болон тогтвортой үйлдвэрлэл эхлэх хуваарийн нарийвчилсан тооцооллыг (2020.12.16) танилцуулжээ. Ингэснээр далд уурхайн ашиглалтад орох хугацаа 2022 оны аравдугаар сард тохиох нь тодорхой болж байна. Цар тахлын одоо мэдэгдэж буй болон цаашид гарч болзошгүй нөлөөллийг энэхүү тооцоололд оруулсныг компани онцолжээ.

Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс”-ийн гуравдугаар улирлын тайланд танилцуулснаар төслийн ашиглалтад орох хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд тохиох дүр зурагтай байсан юм. Өөрөөр хэлбэл ашиглалтад орох хугацааг хамгийн эрт байдлаар тооцоолжээ. Тодруулбал 2022 оны аравдугаар сард “Хюго Дамметын хойд бүсийн Лифт/Давхарга 1”-ийн Панел 0 хэсгийн олборлолт жигд горимоор эхлэхээр байна. Харин Панел 1, Панел 2 хэсгүүдийн олборлолтын талаарх судалгааг ирэх оны дунд үе гэхэд эцэслэн боловсруулахаар ажиллаж байгаа ажээ. Далд уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах үед өдөрт 95 мянган тонн хүдэр гүний уурхайгаас олборлох юм.

“Рио Тинто”-ийн тооцоолсноор, “Хюго Дамметын хойд бүсийн Лифт/Давхарга 1” ашиглалтад оруулах нийт зардал 6.75 тэрбум ам.доллар ба анх тооцоолсон 5.3 тэрбум ам.долларын зардал дээр 1.4 тэрбум гаруй ам.доллар нэмэгдэх дүн гарсан байна. Өмнө нь далд уурхайн нийт өртөг 6.6-7.1 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэйг Туркойз Хилл танилцуулсан.  

“Рио Тинто”-ийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Бид одоо Оюутолгойн хамгийн баялаг хэсэг болох далд уурхайг олборлолтын шатанд хүргэхээр ажиллаж байна. Төслийг урагшлуулах ажлуудын шаардлагатай зөвшөөрлүүдийг авах, эрчим хүч, санхүүжилтийн шийдэлд хүрэх чиглэлд Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” компанитай хамтран ажиллах болно” гэж мэдэгджээ.

Оюутолгой төсөлд одоогийн байдлаар ил болон далд уурхайд нийтдээ 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 4 тэрбум ам.долларыг гүний уурхайн төсөлд зарцуулжээ.

Далд уурхай ашиглалтад орсноос хойш 2028-2036 онд жил бүр дунджаар (цэвэр металын агуулгаар) 480 мянган тонн зэс олборлох юм. Энэ нь 2019 онд олборлолт 146.3 мянган тонн зэс байсантай харьцуулахад 228%-иар өндөр дүн болно. Ийнхүү олборлолт нэмэгдэх нь далд уурхайн хүдрийн агуулга ил уурхайнхтай харьцуулахад 3 дахин өндөр байгаатай холбоотойг “Рио Тинто” тайлбарлажээ. 2030  он гэхэд Оюутолгой уурхай нь дэлхийн зэсийн дөрөв дэх том уурхай болох төлөвтэй байгааг компани тэмдэглэлээ.

Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн 50.8%-ийг “Рио Тинто” эзэмшдэг. Иймд Оюутолгой төслийн 33.5%-ийг “Рио Тинто” нь шууд бусаар эзэмшдэг бөгөөд 2010 оноос хойш төслийн менежментийг хариуцаж байна.

Ил уурхайн олборлолт 2013 онд эхэлснээс хойш нийт 240 гаруй сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулж, нэг сая гаруй тонн зэс борлуулжээ.

Б. Төгс