Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

2020: Нүүрсний экспорт буурч, алтны экспорт 30 тонн-ыг давлаа

Монгол улсын хэмжээнд 2020 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 6.4% буюу 876.9 сая ам.доллараар буурсан  тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 0.6%-иар, импорт 5.3 тэрбум ам.доллартай тэнцэж 13.6%-иар тус тус доошилжээ. Экспортын дүн импортынхоос 2.28 тэрбум ам.доллараар давж гадаад худалдаа ашигтай гарлаа.

Эрдсийн экспортыг авч үзвэл нүүрсний экспорт биет хэмжээгээр 28.6 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.9 сая тонноор буюу 21.6%-иар буурлаа. Харин орлогын дүнгээр нүүрсний экспорт 2.12 тэрбум ам.доллартай тэнцэж 30.9%-иар доошилсон байна. Мөн сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс 1.6 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.6%-иар, өнгөрсөн арваннэгдүгээр сарынхаас 49.3%-иар тус тус буурчээ.

Эх сурвалж: ГЕГ

Алтны экспорт эрдсийн гадаад худалдаанд орлогын дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Тодруулбал оны хэмжээнд манай улс нийт 30.5 тонн алт экспортолж 1.79 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 236%-иар, үнийн дүнгээр 327%-иар тус тус өсжээ. Ийнхүү Монгол улсын алтны экспортын түүхэн дээд хэмжээ шинэчлэгдлээ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард 2.8 тонн алтыг 163 сая ам.доллараар экспортолжээ.  

Зэсийн баяжмалын тухайд оны нийт дүнгээр 1.39 сая тонн баяжмал экспортолж 1.78 тэрбум ам.долларын орлого оллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биетээр 0.6%, орлогын дүнгээр  0.99%-иар тус тус доошилжээ.

Төмрийн хүдрийн экспорт 2020 онд 8.2 сая тоннд хүрч, орлогын дүн нь 639.7 сая ам.доллартай тэнцлээ. Ингэснээр төмрийн хүдрийн экспорт биет хэмжээгээр өмнөх оныхоос 2.9%-иар буурсан ч орлогын дүнгээр 11%-иар нэмэгджээ.

Бусад ашигт малтмал болох жонш, цайр, газрын тос, молибденийн экспорт бүгд бууралттай гарсан нь зах зээлд ханш бууралт оны дийлэнх хэсэгт давамгайлсантай холбоотой байлаа.

Эх сурвалж: ГЕГ

 

Б.Төгс