“Glencore” групп зэсийн “Mopani” төслөөсөө татгалзав

2021-01-22 16:34

Үндэстэн дамнасан уул уурхайн худалдааны “Glencore” групп нь зэсийн “Mopani” төслийн 90%-ийн эзэмшлээ Замби улсад эргүүлэн өгөх буюу төрийн өмчит ZCCM компанид худалдах “бэлгэ тэмдгийн” гэрээ байгуулжээ. Харин үүний хариуд ZCCM компани нь “Glencore”-ийн 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулахаар болсон байна. 

Албан ёсоор, “Glencore” группын 81.2%-ийн эзэмшилтэй “Carlisa Investments” корпорацид “Mopani” төслийн  90%, үлдсэн 10% нь ZCCM компанийх байсан юм.

“Mopani” төсөлд Замби улсад 1930-аад оноос олборлож эхэлсэн зэсийн “Mufulira”, “Nkana” уурхай, баяжуулах болон цэвэршүүлэх үйлдвэрүүд багтдаг байна. “Glencore” групп нь энэхүү төслийн хувь эзэмшлийг 2000 онд худалдан авсан бөгөөд 2014 онд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гэвч сүүлийн жилүүдэд төслийн үйл ажиллагаа алдагдалтай байгаа юм.

Коронавирусын тархалтын улмаас Замби улсад карантин тогтоосонтой холбоотойгоор “Glencore” групп нь зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг (2020.04.08) зогсоохдоо ашиггүй төслийг цаашид хаах асуудлыг мэдэгдэлдээ хөндсөн. Тухайн үед уурхай хаагдсан хугацаанд 11 мянган ажилтан сул зогсоход хүрсэн юм. Энэ нөхцөл байдалд Замбийн Засгийн газраас шүүмжлэлтэй хандаж, “Glencore” компанийн “Mopani” төслийн уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхааруулсан. Хэрэв төслийн үйл ажиллагаа бүрэн зогсох тохиолдолд 15 мянган уурхайчин ажилгүй болох эрсдэлтэй юм. Тиймээс талууд хэлэлцээр хийсний үр дүнд компани уг төслийн хувь эзэмшлээ тус улсын өмчид эргүүлэн өгөхөөр тохиролцжээ.

“Mopani” төсөлд “Glencore” группын хөрөнгө оруулж, уурхайн шинэчлэлтэй холбоотой хэрэгжүүлж эхэлсэн ажлуудыг дуусгахад 300 сая ам.доллар шаардлагатай аж. Түүнчлэн, 2020 оны арваннэгдүгээр сард Замби улс дефолт зарласан билээ. Тиймээс тус улсын төрийн ZCCM компани зэсийн энэ төслийг авч явахад гадаадын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Тухайлбал, Хятад, Өмнөд Африк, Канад, Турк болон Катарын компаниуд сонирхлоо илэрхийлсэн байна.

Жилд 140 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай ч 2019 онд ердөө 51 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Э.Од
   

    
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-03-05 18:25
    Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманныг албан тушаалаас нь (2021.03.03) огцруулжээ. Тэрээр 2018 оны долдугаар сарын 30-наас эхлэн Туркойз Хилл-ийн захирлаар ажиллаж байсан юм. Оюутолгой төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанитай нэгдсэн шийдэлд хүрэхээр “Туркойз Хилл Ресурс” хэлэлцэж байна. Ийм үед Туркойз Хилл-ийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн Улф Куэлманныг ажиллуулах нь компанийн дээд эрх ашгийн үүднээс төдийлөн зохимжгүй гэж үзжээ. Хэрэв цаашид ажиллуулах тохиолдолд ирэх тавдугаар сард болох Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Улф Куэлманныг дэмжихгүй гэдгээ “Рио Тинто” компани мэдэгджээ.
  • 2021-03-05 16:46
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (2021.03.04) банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзав. Уулзалт “10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд болсон юм. 10 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2 их наяд нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг банкуудаар дамжуулж олгохдоо зөрүү хүүний татаасыг төр хариуцахаар тооцоолжээ. Хэдийгээр зээлийн хүү бага ч банкуудаас зээлдэгчдэд тавьж буй нөхцөл шаардлага өндөр гэж салбарынхан үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдын уулзалтын үеэр банкууд зээл олгох нөхцөл шаардлагыг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. 
  • 2021-03-05 14:02
    2020 оны үзүүлэлтээр, Хятад улс нийт 3.9 тэрбум тонн нүүрс олборлосон нь 1.4%-иар нэмэгдсэн байна. Тэгвэл БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025он) дуусах үед тус улсын жилийн нүүрсний олборлолтын хэмжээ 4.1 тэрбум тонноос хэтрэхгүй гэж Хятадын Нүүрсний үндэсний ассоциацийн тайланд дурджээ. Тайланд тэмдэглэснээр, 2025 он гэхэд нүүрсний уурхайнуудын тоог 4000 орчимд хязгаарлах төлөвтэй. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад нүүрсний нийт уурхайнуудын тоо 4700 орчим байжээ. Үүний 1200 уурхай нь 1.2 сая тонноос дээш олборлолтын хүчин чадалтай томоохон уурхайнууд байсан нь нийт олзворлолтын 80%-ийг бүрдүүлсэн байна. 
  • 2021-03-05 13:14
    Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна.
  • 2021-03-04 14:18
    ОХУ-ын “Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих” агентлагаас Японы хөрөнгө оруулагчидтай албан уулзалт зохион байгуулжээ. “Марубени”, “Сожиц”, “Иточу”, “Сумитомо”, “Мицуи” компани болон “Газрын тос, нүүрс, металын корпораци” (JOGMEC), Японы гадаад худалдааг дэмжих байгууллагаас Оросын коксжих нүүрсний олборлолт, гадаад зах зээлд нийлүүлэх төслүүдийг сонирхож буйгаа илэрхийлжээ. Оросын коксжих нүүрсийг Алс Дорнодын боомтуудаар шууд Японы зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тус уулзалтаар Японы тэргүүлэх компаниудын төлөөлөгчид Оросын нүүрсний “Долгучан” компанитай хэлэлцээр эхлүүлжээ.