Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Оюутолгойн асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг байгууллаа

Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг шинээр байгуулж өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн байна. Тус Ажлын хэсэг нь 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газарт хяналт тавьж ажиллах юм. Ажлын хэсгийг Т. Аюурсайхан гишүүн ахлахаар болжээ. Ажлын хэсгийн гишүүд байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Оюутолгойн гэрээнд олон нийт зөрүүтэй мэдээлэл авч байсан. Оюутолгойн гэрээ саяхныг хүртэл ашигтай гэдэг мэдээллийг цацаж байсан. Монгол улсын эрх ашгийг хангуулж чадахгүй байна гэдгийг нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Дубайн гэрээг өөрчилж сайжруулах ёстой. Оюутолгойн гэрээг сайжруулах, Монгол улсын эрх ашгийг хангуулах ажлыг хийнэ.”

Тэрбээр мөн “Манай Ажлын хэсэг Оюутолгойн үйл ажиллагааг шалгахгүй, гэрээг ашигтай эсэхийг нягтлахгүй. Үндсэн гэрээнүүдээ өөрчилж хуульд нийцүүлэн Монгол улсад ашигтай болгох, ашиг хүртэх зарчмаа эргэн харах, нөхцөлүүдээ дахин тохирох зэрэг тухай нэг жил гурван сарын өмнө УИХ шийдвэр гаргасан. УИХ баталсан тогтоолдоо хяналт тавьж хэрэгжилтийг нь хянах, эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 20 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан” гэлээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгойн төсөл хөрөнгө оруулалтын гэрээ биш зээлийн  луйвар. Бид жилдээ 600-700 сая ам.долларын хүү төлж байна. Баялгаа ашиглуулсаны төлөө бид өртэй үлдэхээр байна. Оюутолгойн гэрээг сайжруулж харилцан үр ашигтай болгох талаар ярьж байна. Ард түмэндээ үр шимийг нь хүртээх чиглэлээр байгуулагдсан.”

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Мөнхбат “Оюутолгой бол Эрдэнэтийн ордын нөөцөөс 6 дахин их зэсийн нөөцтэй, Бороо гоулд ордоос 50 дахин их алтны нөөцтэй, Асгатын ордоос 3 дахин их мөнгөний нөөцтэй орд. Гэрээ байгуулаад ашиглалтад оруулаад 12 жил өнгөрчээ. Монголын үр ашиг 2022 оноос эхлэх байсан. Дубайн гэрээг хийснээр 2037 он хүртэл хойшлогдсон. Одоо 2051 болсон гэж ярьж эхэллээ. Мэдээж татвар төлж ажлын байр бий болгож байгаа нь сайн. Дагаад үндэсний хэмжээний компаниуд ажиллаж байгаа. Үүнийг үгүйсгээгүй. Ийм том орд газраас үүнээс илүү ашиг хүртэх боломж байгаа. Энэ боломжийг алдсаар ирсэн. Засгийн газрын 40 дүгээр тогтоол болон 57 дугаар тогтоолын “эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргүүлэх” тухай 3 дугаар заалт хүчин төгөлдөр байгаа. Эдгээр тогтоолууд хэрэгжихгүй байна. Харилцан ашигтай ажиллах шаардлага тавина” гэв.

 

Л. Номин