Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

2020 он алтны жил байсан бол 2021 онд зэс голлоно

2019 оны үзүүлэлттэй жишихэд, манай улс нүүрснээс бараг тэрбум ам.долларын  экспортын орлого алдсан. Гэхдээ өнгөрсөн жилийн экспортын хэмжээ нь 2013-2015 оны хүнд үетэй харьцуулахад хавьгүй сайн байгааг хэлэх нь зүйтэй. 2020 он бол нүүрсний экспорт нэмэгдэх бус буурсан жил байсан. Энэ онд ч нүүрсний экспорт төдийлөн ахих дүр зураг харагдахгүй байна. 2020 онд манай улс 28.6 сая тонн нүүрс экспортолсноор 2017 оноос /33.4 сая тонн/ хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрлээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрдэс бүтээгдэхүүний экспорт (алт ороогүй дүнгээр) 2020 онд 5.26 тэрбум ам.доллар буюу  өмнөх 2019 оныхоос даруй 17.6%-иар бага дүнтэй гарсан. Үүнд нүүрсний экспорт голлон нөлөөлсөн.

 Гол орлого бүрдүүлэгч нүүрсний экспорт буурсан нь манай улсын экспорт бүхэлдээ буурах  эрсдэл авчрах байлаа. Харин өнгөрсөн онд  алт асуудлыг шийдсэн. Алтны экспорт 30 тонн давж өмнөх оныхоос 1.4 тэрбум орчим ам.доллараар өссөн нь улсын экспортын бууралтыг хазаарласан. Үр дүнд нь 2020 онд экспортын нийт орлогыг өмнөх оныхтой бараг адил түвшинд хүргэсэн гэж хэлж болно.

Гэвч алтны экспорт үргэлж 2020 оных шиг 30 тонн давахгүй. Энэ онд Монголбанк ихээхэн хэмжээний алт худалдан авахаар төлөвлөсөн ч алтны экспортын амжилтаа давтан биелүүлэх нь эргэлзээтэй. Төв банк 2020 онд 23.6 тонн үнэт метал худалдан авч экспортын хэмжээ 30 тоннд хүрсэн нь нөөцөөс алтаа ч бас тодорхой хэмжээгээр борлуулсан гэсэн үг.

Эдийн засгийн шинжээчид нүүрсний экспортыг энэ онд 30 сая тонн хүрвэл илүү бодитой гэсэн таамаглалыг  дэвшүүлэх болсон. Цар тахлын халдвар дотооддоо алдсан үед манай улсын нүүрсний экспорт  сэргэх эсэхийг хэлэхэд эрт байна. Хятадын дотооддоо халдвар тодорхой хэмжээгээр тархаад байгаа нь ч нүүрсний экспортод нөлөөлж мэдэхээр байна.

Оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар манай улс 980 мянган тонн нүүрс экспортолсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Энэ нь нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 42%-иар буурсныг илтгэж байна. Хэдийгээр он гарсаар Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 300 машин нэвтэрч байсан бол нэгдүгээр сарын 21-нээс эхлэн тус боомтоор нэвтрэх машины тоо өдөрт 500 хүрч нэмэгдсэн нь сайн мэдээ. Гэвч энэ нь тун хангалтгүй тоо юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл манай улсын нүүрсний экспорт 30 сая тонн байх магадлал өндөр байна. Харин Сангийн яам 2021 оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 42 сая тоннд хүрэх төлөвлөгөөг хэвээр хадгалсан билээ. 

Энэ оны бас нэг сайн мэдээ нь Оюутолгойн борлуулалтын орлого нэмэгдэх эерэг дүр зураг бий. Учир нь тус компанийн олборлох хүдэр дэх алтны агуулга нэмэгдэж буй нь ийнхүү орлого өсөх нөхцөл болж байна. Энэ нь манай улсын экспортыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх найдвар  төрүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ онд нүүрс,алтны экспортоос өсөлт хүлээх хэрэггүй байж болох ч, зэсийн баяжмалын борлуулалтаас орлого ахиу төвлөрөх төлөвтэй байгаа юм. Тэр хэрээр улсын нийт экспортын орлого буурахгүй байх боломж харагдана.

Зэсийн ханш илүү өсөх төлөвтэй

Он гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 8000 ам.доллар/тонн давж 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн. Гэхдээ нэгдүгээр сараас эхлэн зэсийн дэлхийн эрэлтийн тал хувийг бүрдүүлэгч Хятадын зарим бүс нутагт КОВИД -ын шинэ голомтууд бүртгэгдсэн нь тус улсын худалдан авалт буурах вий гэсэн айдсыг хөрөнгө оруулагчдад төрүүлээд байна. Нөгөөтэйгүүр АНУ , Европын орнуудын аж үйлдвэрийн салбарын сэргэлт удаашрах таамаг шинжээчдийн дунд байгаа нь зэсийн үнийн өсөлтийг хазаарлаж эхэллээ.

Нэгдүгээр сарын 20-ноос зэсийн ханш 8000 ам.долларын босгоос доошилсон. Гэхдээ шинжээчид зэсийн үнэ өсөх бүх шалтгаан 2021 онд бүрдэнэ гэж тооцоолж байна.
Тухайлбал дэлхийн эдийн засаг харьцангуй сэргэж, аж үйлдвэрийн салбар идэвхжихийн сацуу Хятадын зэсийн эрэлт ч мөн сайн байх дүр зураг тодорч байгаа юм. Үүний дээр вакцинжуулалт эрчимтэй өрнөж, ноён долларын ханш зах зээлд сулрах төлөв нь зэсийн ханшийн өсөлтийг илтгэснийг шинжээчид өгүүлж байна. Үүнээс гадна зэсийн гол олборлогчид болох Чили, Перуд энэ он сонгуулийн жил ажээ. “Bank of America” энэ онд зэсийн уурхайн олборлолт, хаягдал зэсийн нийлүүлэлт нэмэгдэх ч зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэл байсаар байгааг онцолжээ.

Ингэснээр дөрөвдүгээр улиралд нэг тонн зэсийн үнэ дунджаар 9500 ам.долларт хүрч мэдэх ажээ. Мэдээж зэсийн үнийг бууруулж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийн дунд вакцины үр нөлөө муу байх, эдийн засгийн сэргэлт удаашрах, мөнгөний хатуу бодлого баримталж мэдэх зэрэг асуудлыг нэрлэж болно.


Энэ онд Оюутолгойн зэсийн  баяжмалаас олох орлого нь огцом нэмэгдэхээр байна. Учир нь тус уурхайн баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл 160-180 мянган тонн зэс, 500-550 мянган унц алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2020 онд уурхайгаас 150 орчим мянган тонн зэс, 182 мянга орчим унц алт олборлосонтой харьцуулахад энэ онд зэсийн гарц бага зэрэг нэмэгдэж, алтных огцом өсөх тухай “Туркойз Хилл” мэдэгдсэн. Иймд 2021 онд Оюутолгойн уурхайн борлуулалтын орлого өнгөрсөн оныхоос хоёр дахин өсч 2 тэрбум ам.доллар давах тооцооллыг “S&P Global Market Intelligence” байгууллага дэвшүүллээ.

Өнгөрсөн онд манай улсын зэсийн баяжмалын экспортын орлого 1.78 тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оныхтой харьцуулахад 0.99%-иар буурсан үзүүлэлт юм. 2020 онд Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ буурснаар манай улсын зэсийн баяжмалын экспортоос олох орлого буурах хандлагатай байв. Гэвч оны дунд үеэс дэлхийн зах зээлд зэсийн ханш нэмэгдэх болсон. Ингэснээр оны төгсгөлд зэсийн баяжмалын экспорт 2019 оныхтой бараг ижил түвшинд хадгалагдсан юм. 2021 оны нэгдүгээр сарын дунд үеийн
байдлаар манай улсын зэсийн экспортын орлого 86.5 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 45%-иар нэмэгджээ.

Коксжих нүү рсний ханш буурахгүй, тогтвортой хадгалагдана


Коксжих нүүрсний томоохон хэрэглэгч, импорлогч Хятад улс Австралийн (аль ч төрлийн) нүүрсийг өнгөрсөн аравдугаар сарын дундаас импортлохыг хориглосон билээ. Энэ нь дан ганц Австралийн нүүрс олборлогчдод хүндээр тусаад зогсохгүй Хятадын ган төмөр үйлдвэрлэгчдэд ч амаргүй байна. “Вүүд Маккензи” байгууллагын Коксжих нүүрсний зах зээлийн хэлтсийн дарга Робин Гриффин “Хятадын хувьд Австрали нүүрсний импортыг энэ онд ч мөн адил хязгаарлаж болзошгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр нөхцөл байдал тийм ч амар хэвэндээ орохооргүйг тодотгожээ. Хятад, Австрали худалдааны чухал түнш боловч улс төрийн харилцаанд нь сэв суух болсноор худалдааны зарим бараанд Хятадын тал импортын хориг тавьж эхэлсэн.

Энэ дунд Австралиас ирэх зэс, нүүрс багтсан. Тиймээс Хятадын дотоодын зах зээлд энэ онд коксжих нүүрсний үнэ харьцангуй өндөр байх дүр зургийг тодруулж байна.

Улмаар Монголын экспортын коксжих  нүүрсний ханш ч буурахгүй, харьцангуй тогтвортой хадгалагдана гэсэн үг. Австралийн нүүрс нь хүхэрлэг багатай дэлхийн хамгийн чанартай коксжих нүүрсэнд тооцогддог гэж хэлж болно. Нэгдүгээр сарын дунд үеийн байдлаар Хятадын импортын хоригоос үүдэн Австралийн 7.8 сая тонн нүүрс ачсан хөлөг онгоцууд Хятадын хил дээр гацаад байгаа нь тус улсын импортын хоригоос үүдсэн ажээ. Үүний 2.6 сая тонн нь эрчим хүчний, үлдсэн нь коксжих нүүрс юм байна. Хятадын ган үйлдвэрлэгч нар эрх баригчдадаа эдгээр нүүрсийг гаалиар нэвтрүүлэх талаар “лобби” хийж буй ч тусыг эс олж буйг хэвлэлүүд онцолж байна. 

Австралиас Хятад руу нийлүүлэх  нүүрсний экспорт “хана мөргөснөөр” Энэтхэг, Турк болон Азийн бусад улс орнууд руу түлхүү хэмжээгээр нүүрс худалдах замыг сонгож байна. Харин хамгийн чанартай нүүрсний импортоо алдаж буй Хятад улс нь Индонез, ОХУ, Өмнөд Африк, Монголоос түлхүү хэмжээний нүүрс авах байдлаар асуудлыг шийдвэрлэхээр оролдож байна. Хятад руу нүүрс экспортлохоо зогсоосноор Австралийн нүүрсний ханш урт хугацаанд доогуур байх аюул бий.

Австрали нь Хятадыг орлох шинэ хэрэглэгчээ олоход тодорхой хугацаа шаардагдахаар байна. Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том экспортлогч орны хувьд энэ онд Хятадын импортын хориг болон ханшийн бууралтаас үүдэн коксжих нүүрсний экспортын орлого нь 34 тэрбум австрали доллараас 22 тэрбум доллар болж буурах тооцооллыг тус улсын Засгийн газар гаргалаа.

Австралийн коксжих нүүрсний эрэг дээрх (FOB) үнэ нь нэлээд хямд буюу 106 ам.доллар/тонн байгаа бол Хятадын эрэгт хүргэх (CFR) үнэ нь 193.5 ам.доллар/тонн-оор илэрхийлэгдэж байна. Ийнхүү Австралийн коксжих нүүрсний (FOB) үнэ Хятадын импортын хоригоос үүдэн буурах хандлагатай бол Хятадын дотоодын зах зээлд байдал эсрэгээрээ эргэлээ. Учир нь эрэлт өсч, нийлүүлэлт хомсдож эхэлсэн нь ханш өсөх гол шалтгаан болжээ. Монголын нүүрсний гол зах зээлийн бүс нутаг болох Хятадын Бугат манай нүүрсний ханшийн төлөвийг харах боломжтой. Тус бүс нутагт одоогоор коксжих нүүрсний үнэ өсөлттэй байна. Энэ онд ерөнхийдөө манай улсын экспортын нүүрсний ханш харьцангуй өсөлттэй, тогтвортой байх хандлагатай байгаа юм.

Хятад гадаад улс орнуудаас нүүрсээ импортлохоос гадна дотоодын олборлолтоо нэмэгдүүлж байгаа нь 2020 оны дүнгээс харагдана. Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд Хятад 3.84 тэрбум тонн нүүрс олборлосон нь 2019 оныхоос 90 сая тонноор ахиу үзүүлэлт ажээ. Зөвхөн арванхоёрдугаар сард 350 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.2%-иар өсчээ.

Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Австралийн Хятад руу экспортолдог гол эрдэс түүхий эд нь коксжих нүүрс гэхээсээ илүүтэй төмрийн хүдэр юм. Австралийн төмрийн хүдэрт Хятад импортын хориг тавьж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Австралиас нийлүүлдэг бүтээгдэхүүнд импортын хориг тавихдаа Хятад улс зөвхөн өөр эх үүсвэрээр орлуулах боломжтой бүлэгт хамаатуулсан нь тодорхой харагдана. Хятад хичнээн хүссэн ч Австралиас төмрийн хүдэр авахаа зогсоох боломжгүй юм.

Төмрийн хү дрийн ханш 85%-иар  өссөн ч цаашид буурна

Хятад улс 2020 онд нийтдээ 1.05 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь 2019 оныхоос 5.2%-иар өндөр дүн юм. Уг үйлдвэрлэлийн хэмжээ нь Хятадын дээд үзүүлэлтээр бичигдлээ. Өнгөрсөн онд цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ. Гэхдээ цаашид Хятад ган үйлдвэрлэлээ аажмаар бууруулах ёстойг тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгдээд байна. Энэ нь Хятад хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах зорилтоо хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. Ийм  бодлого нь цаашид төмрийн хүдэр, коксжих нүүрс олборлогчдыг хэтдээ амаргүй нөхцөл угтаж буйг одооноос анхааруулсан хэрэг болж байна. 

Өнгөрсөн онд Хятадын гангийн үйлдвэрлэлийн тухайд дотоодоос гадна оны хоёрдугаар хагаст гадаад зах зээлийн эрэлт нэмэгдэх болсон. Ийм нөхцөлд гангийн гол түүхий эд төмрийн хүдрийн ханш нэлээд өсч 170 ам.доллар руу дөхлөө. 

2020 оны эхээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ тонн тутамдаа 90 гаруй ам.доллар байсан бол оны сүүлээр 169.5 ам.доллар/тонн болж, 2011 оны есдүгээр сараас хойших дээд хэмжээнд  хүрсэн. Цар тахлаас үүдэн өнгөрсөн гуравдугаар сард 82 ам.долларт хүрч буурсан төмрийн хүдрийн ханш 2020 онд даруй 85%-иар өсчээ. Төмрийн хүдрийн үнэ ийнхүү өсч байгаа нь олборлогчдод ашигтай туссан бол гангийн үйлдвэрүүдэд ашигтай ажиллахад хүндхэн болоод байна. Гэхдээ төмрийн хүдрийн ханш энэ онд дунджаар 90  ам.доллар/тонн болж буурна гэж Австралийн Засгийн газар болон бусад ханшийн шинжилгээний байгууллагууд ижил байдлаар тооцоолжээ.

Төмрийн хүдрийн ханш өнгөрсөн оны дундаас эхлэн өсч эхэлснээр манай улсын экспортын орлогод сайнаар нөлөөлсөн.  2020 онд манай улсын төмрийн хүдрийн экспорт 8.2 сая тоннд хүрч 2019 оны дүнгээс 2.9%-иар бага боловч орлогын хэмжээ 640 сая ам.долларт хүрч 11%-иар өссөн билээ. 2021 оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар манай улс биет хэмжээгээр 325.7 мянган тонн төмрийн хүдэр экспортолж, 34.3 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 16.4%-иар буурсан ч мөнгөн дүнгээр 31%-иар нэмэгдсэн байна.

Алтны ханш дээд амжилтаа  шинэчилж магадгүй

2020 он бол алтны жил байсан. Алтны ханш  өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрч 2000 ам.доллар/унц-аар давсан. Энэхүү өсөлт биелэхэд цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал шууд нөлөөлсөн. Үүнтэй зэрэгцээд манай улсын алтны экспортын хэмжээ болон орлого 2020 онд түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Алтны борлуулалт 30.5 тонн буюу 1.79 тэрбум ам.доллартай тэнцсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Тодруулбал алтны экспорт 2020 онд манай улсын нийт экспортын 23.6%-ийг бүрдүүлж, экспортын орлогын дүнгээр нүүрсний ард хоёрдугаарт бичигдсэн.  

Өмнө нь 2005 онд манай улсын алтны экспорт 23.8 тонн, улсын экспортын 31.1%-ийг бүрдүүлсэн дээд амжилт 2020 онд ийнхүү шинэчлэгдлээ. Одоо 2021 онд цар тахлын эсрэг вакцинжуулалт дэлхий дахинд эрчимжсэнээр алтны ханш буурна гэсэн таамаглал дэвшүүлж болох юм. Гэвч бодит байдал арай өөр байх зураглал тодорно.


Энэ онд алтны ханш чухамдаа ямар байх таамгийг шинжээчид янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал эрдсийн зах зээлийн талаар хамгийн өөдрөг таамаг дэвшүүлдэг “Голдман Сакс” банк алтны ханш 2300 ам.доллар/унц хүрнэ гэж төсөөлжээ. Тус банк цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн улмаас энэ онд инфляц өсөх хандлагатайг онцолжээ. Ингэснээр алтны ханшид эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

“Голдман Сакс” банктай ижил алтны үнийг энэ онд 2000 ам.доллар/унц давна гэсэн таамаглал дэвшүүлэх байгууллага, шинжээч олон байна. Харин илүү уламжлалт таамгийг “Capital Economics” байгууллага дэвшүүллээ. Тус байгууллагаас энэ онд унц алтны үнэ дунджаар 1900 ам.долларт хадгалагдана гэж үзэж байна. Учир нь эдийн засгийн сэргэлт хурдацтай өрнөснөөр хөрөнгө оруулагчид үнэт метал зэрэг баталгаат хөрөнгө оруулалтыг сонирхох нь багасна гэж тайлбарлажээ.

Нөгөөтэйгүүр улс орнуудад цар тахлаас үүдсэн  эдийн засгийн хямралыг багасгах зорилгоор мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон нь алтны үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлнэ гэж үзэх үндэстэй. АНУ -ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден эдийн засгийг эрчимжүүлэх тусламжийн 1.9 их наяд ам.долларын багцыг дэвшүүлсэн ч Конгресс батлах эсэх нь эргэлзээтэй байна. Гэхдээ энэ онд эдийн засгийг эрчимжүүлэх үүднээс олон зуун тэрбум ам.долларын хөтөлбөрүүд батлах нь гарцаагүй юм. Ирээдүйд яг хэрхэхийг хэн ч тааж чадахгүй ч энэ онд алтны үнэ одоогийн түвшнээс төдийлөн буурахгүй нь илүү тодорхой байна. Санхүүгийн хэд хэдэн байгууллага алтны үнийг урт хугацаандаа 2000 ам.доллараас хол давж өснө гэж таамагласнаас үзэхэд алтны ханш энэ онд дахин шинэ дээд амжилт тогтоож мэдэхээр байна.