Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын нүүрсний олборлолт 4.1 тэрбум тонноос хэтрэхгүй 

2020 оны үзүүлэлтээр, Хятад улс нийт 3.9 тэрбум тонн нүүрс олборлосон нь 1.4%-иар нэмэгдсэн байна. Тэгвэл БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025он) дуусах үед тус улсын жилийн нүүрсний олборлолтын хэмжээ 4.1 тэрбум тонноос хэтрэхгүй гэж Хятадын Нүүрсний үндэсний ассоциацийн тайланд дурджээ.

Тайланд тэмдэглэснээр, 2025 он гэхэд нүүрсний уурхайнуудын тоог 4000 орчимд хязгаарлах төлөвтэй. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад нүүрсний нийт уурхайнуудын тоо 4700 орчим байжээ. Үүний 1200 уурхай нь 1.2 сая тонноос дээш олборлолтын хүчин чадалтай томоохон уурхайнууд байсан нь нийт олзворлолтын 80%-ийг бүрдүүлсэн байна. 

Ирэх таван жилд нүүрсний компаниудыг нэгтгэх, нийлүүлэх замаар тус бүр жилд 100-аас дээш сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай тэргүүлэх 10 компанийг бий болгоно. Энэ дотроо томоохон 1000 уурхайд шинэ технологи нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлжээ.

Өнгөрсөн онд хуучирсан тоног төхөөрөмжтэй, үр ашиг багатай 5000 уурхайг хаасан байна. Ингэснээр нийт олборлолтын хүчин чадлыг нэг тэрбум гаруй тонноор бууруулжээ. Таван жилийн дараа гэхэд Хятадын нүүрсний нийт хэрэглээ 4.2 тэрбум тоннд хадгалагдахаар байна.

Нүүрсний судалгааны “Today think thank” байгууллагаас, энэ онд Хятад улс 75 сая тонн коксжих нүүрс импортлох, тэр дундаа Монгол Улсаас 33-37 сая тонн коксжих нүүрс худалдан авах таамгийг дэвшүүлсэн юм. Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 2020 онд Монголоос 23.8 сая тонн коксжих нүүрс импортолжээ. 

Э.Од