Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Туркойз Хилл-ийн захирал солигдов

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-ийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон албан тушаалаа ирэх оноос орхих тухайгаа (2021.03.03) мэдэгдлээ. 2022 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар дахин сонгогдохоор горилох нь зохимжгүй гэж тэрбээр үзсэн байна. Учир нь өнгөрсөн онд Жуукан Горж-ийн агуйг уурхайн өргөтгөлийн үеэр дэлбэлсэн нь компанийн амжилтыг “харлуулж” орхисонд тэрбээр хариуцлага хүлээх ёстойг учирлажээ. Тухайн үйл явдлын улмаас “Рио Тинто”-ийн удирдах гурван ч албан тушаалтан огцроход хүрсэн билээ. 2020 онд цар тахлын жилд тус компани нь тогтвортой, аюулгүй ажиллагаагаа хадгалж, ногдол ашиг хуваарилалтаараа түүхэн дээд амжилт тогтоосон юм. Компанийн шинэ Гүйцэтгэх захирлыг томилж, удирдлагын багийг дахин бүрдүүлээд байгаа ч ийнхүү ТУЗ-ийн даргыг 2022 онд солих нь тодорхой болов. Үлдэж буй хугацаанд Саймоны хувьд удирдлагын шинэ багийг дэмжиж ажиллана. Харин ТУЗ-ийн зарим гишүүд түүний ажлыг залгамжилж авах мэргэжилтний эрэлд гарахаар болж байна.

Үүнтэй зэрэгцээд Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманныг албан тушаалаас нь (2021.03.03) огцруулжээ. Тэрээр 2018 оны долдугаар сарын 30-наас эхлэн Туркойз Хилл-ийн захирлаар ажиллаж байсан юм. Оюутолгой төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанитай нэгдсэн шийдэлд хүрэхээр “Туркойз Хилл Ресурс” хэлэлцэж байна. Ийм үед Туркойз Хилл-ийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн Улф Куэлманныг ажиллуулах нь компанийн дээд эрх ашгийн үүднээс төдийлөн зохимжгүй гэж үзжээ. Хэрэв цаашид ажиллуулах тохиолдолд ирэх тавдугаар сард болох Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Улф Куэлманныг дэмжихгүй гэдгээ “Рио Тинто” компани мэдэгджээ.  Тодруулбал Оюутолгойн өргөтгөл төслийг урагшлуулахад Туркойз Хилл-д шинэ удирдлага зайлшгүй чухал гэсэн байр суурийг “Рио Тинто” илэрхийлжээ. Улмаар Туркойз Хилл-ийн ТУЗ болон Улф Куэлманн ч өөрөө албан тушаалаа өгөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. “Рио Тинто”-ийн шахалтаар Улф Куэлманныг албан тушаалаас нь огцрууллаа гэсэн мэдээллүүд олон улсын хэвлэлүүдээр хөвөрч байна. Түүний хувьд “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группд 2016-2018 оны хооронд удирдах албан тушаал хашиж байсан юм.

Туркойз Хилл-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Steeve Thibeault-ийг томилжээ. Тэрээр 2014-2017 онд компанийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд “Рио Тинто”-той хийсэн санхүүжилтийн хэлэлцээрт Туркойз Хилл-ийн багийг ахалж байсан туршлагатай нэгэн. Тиймээс төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн талаар “Рио Тинто”-той хэлэлцээр хийж буй энэ үед түүнийг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох нь зохимжтой гэж үзсэн байна. Steeve Thibeault нь 2017 оноос хойш “Рио Тинто” болон Туркойз Хилл компанид албан тушаал эрхлээгүй байсан юм. 

Хоёр компанийн хувьцааны ханш нь хөрөнгийн бирж дээр бууралттай байна. Учир нь гуравдугаар сарын эхний долоо хоногт зэсийн ханшид бууралт ажиглагдлаа. Хоёрдугаар сарын сүүлээр Лондоны металын бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 9614 ам.долларт хүрч хаагдсан бол өчигдрийн байдлаар 8786 ам.доллар болж буурчээ.

 

Б.Төгс