Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2025 онд Орос 174 сая тонн нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортолно

ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдэгдлээр, тус улс 2025 он гэхэд Ази-Номхон далайн орнууд руу хийх нүүрсний экспортын хэмжээгээ 174 сая тоннд хүргэж, 2020 оны үзүүлэлтээс 42%-иар нэмэгдүүлэх төлөвтэй. Мөн нүүрсний импорт эрчимтэй өсч буй Энэтхэг, Вьетнам, Тайланд зэрэг орны зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ чиглэлд Орос 60 сая тонн нүүрс экспортлохоор тооцжээ. 

2016-2020 онд Ази-Номхон далайн орнууд руу Оросын нүүрсний экспорт 40%-иар нэмэгдсэн тухай Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский танилцуулсан байна. 2019 онд тус улсын хэмжээнд 338 сая тонн эрчим хүчний нүүрс, 103 сая тонн коксжих нүүрс олборложээ. 

Өнөөгийн байдлаар, Орос нүүрсээ Алс Дорнодын боомтуудаар Ази-Номхон далайн орнууд руу экспортолж байгаа юм. Цаашдаа энэ чиглэлд нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд газраар буюу Монгол, Хятадын хилээр дамжуулан хүргэх хувилбарыг авч үзэж буй аж.  

2021 онд Оросын “Сибантрацит” компани нь Ази-Номхон далайн бүс нутаг болон Энэтхэг улс руу хийх коксжих нүүрсний экспортоо 15-20%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ сард тус компани нь стратегийн хамтын ажиллагааны гэрээг Хятадын “Baosteel Resources”-тай байгуулсан бөгөөд урт хугацаанд коксжих нүүрсийг тогтвортой нийлүүлэхээр тохиролцсон юм. Өнгөрсөн хоёрдугаар сард “Сибантрацит”-ийг 1 тэрбум ам.доллараар “А Проперти” компани худалдан авсан билээ. “А Проперти” нь коксжих нүүрсний 2.2 тэрбум тоннын нөөцтэй Элга ордыг 100% эзэмшиж байна.

Э.Од