Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгажээ

Дэлхий нийтэд тархсан коронавируст халдвар КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд УУХҮЯ-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны хамтарсан тушаалаар “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт олгох журам хэрэгжиж байна.

Гэвч манай улс дотооддоо халдвар алдсантай холбоотойгоор УИХ-аас (2020.12.31) Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дагуу хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болов.Энэхүү журмаар богино хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 2021 он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн хугацааг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилж байна.

Журамд өөрчлөлт орсноор, алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.

2020 оны оны гүйцэтгэлээр Монголбанк 23.6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Эх сурвалж: УУХҮЯ