Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Монголын нүүрс, баяжмал тээвэрлэлтийг хэвийн үргэлжүүлэх асуудлыг Баяннуур аймаг шийдвэрлэнэ 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон цахимаар “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзалт (2021.03.23)хийжээ. Оюутолгойн уурхайд коронавирусын 2 тохиолдол гарсантай холбоотойгоор компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч хөдөлгөөнийг түр зогсоон, гүний уурхайн 3500 гаруй ажилчдыг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, баяжмал тээвэрлэгч 200 гаруй жолооч нарыг вакцинжуулалтад хамруулан хамгаалалтын хэрэгслээр ханган ажиллаж буй талаар мэдээлсэн байна. 

Мөн Улаанбаатар, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Ханбогд зэрэг 5 газарт PCR шинжилгээний төвийг байгуулж уурхайн ажилчдын ээлжийг 7/14 байсныг 14/28  болгон өөрчилжээ. Түүнчлэн БНХАУ руу тээвэрлэх баяжмалын тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж тэдний зүгээс тавьсан шаардлага, болзлын дагуу ажиллаж байгааг “Оюутолгой” компанийн удирдлага хэлсэн байна. Тус компанийн зүгээс ойрын хугацаанд баяжмалын тээврийг сэргээх, бүх ажилчдаа вакцинжуулах, ээлж солих болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны нөөцийн тодотголын тайлантай холбогдуулан гаргасан Зөвлөмжид шуурхай хариулт өгөхөд анхаарч ажиллахаа илэрхийлжээ. 

Оюутолгойд бүртгэгдсэн тохиолдолтой холбоотойгоор Хятадын Ганцмод боомтоор нэвтрүүлэх Монголын нүүрс, баяжмал тээвэрлэлтийн машины тоог бууруулаад байгаа билээ. Хоёр улсын хил гааль дээр үүсээд байгаа асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтэй (2021.03.19)утсаар холбогдож, нөхцөл байдлын талаар санал солилцсон. Энэ үеэр Хятадын Элчин сайдын тайлбарласнаар, цаашид Оюутолгой болон бусад уурхайнуудад гарч болох эрсдэл, Монголын талаас халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үндэслэн нүүрс болон баяжмал тээвэрлэлтийг хэвэнд нь оруулах асуудлыг Баяннуур аймгийн удирдлагууд шийдвэрлэнэ.  

Эх сурвалж: УУХҮЯ