Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Австралийн “Mineral Resources” компани жилд 100 сая тонн төмрийн хүдэр олборлоно

Австралийн “Mineral Resources” (MinRes) компани Пилбара дахь төмрийн хүдрийн “Wonmunna” уурхайд олборлолтын үйл ажиллагаагаа эхэлжээ. Эхний ээлжинд жилд 5 сая тонн төмрийн хүдэр олборлох бол хүчин чадлыг 10 сая тоннд хүргэх зорилттой. 

2020 оны хоёрдугаар хагаст, MinRes нь “Iron Valley” болон “Koolyanobbing” уурхайгаас төмрийн 58-60%-ийн агууламжтай нийт 7.9 сая тонн хүдэр олборлосон байна. Ойрын жилүүдэд тус компани нь төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

2023-2024 онд Пилбарад төмрийн хүдрийн “Lamb Creek”, “Wedge” зэрэг хоёр уурхайг нэмж шинээр ашиглалтад оруулахаар бэлтгэж буй аж. Ингэснээр тус компанийн нийт үйлдвэрлэл жилд 50 сая тоннд хүрнэ гэж тооцжээ. 

Түүнчлэн, Баруун Австралийн төмрийн хүдрийн экспортын гол боомт Хедландад MinRes нь усан онгоцны тээврийн хоёр зогсоол байгуулах тусгай зөвшөөрлийг орон нутгийн Засаг захиргаанаас авахаар хүлээж байна. Боомт дахь зогсоолыг байгуулсны дараагаар шинээр “Marillana” ордыг ашиглах төслийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус ордоос жилд 20 сая тонн төмрийн хүдэр олборлох юм.

Ирэх 10 жилд “Mineral Resources” компани жилд 100 сая тонн төмрийн хүдэр олборлох Австралийн томоохон нийлүүлэгчийн нэг болох төлөвтэй байна. Гэхдээ экспортын хувьд Хедланд боомтын ачаалалтай тулгарч болзошгүй аж. Өнгөрсөн онд Австралийн компаниуд тус боомтоор 540.6 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Агаарын бохирдлын улмаас боомтыг өргөтгөх асуудлыг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм. 

Э.Од