Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Рио Тинто" Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн шинэ захирлаа зарлалаа

Рио Тинто групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилсноо (2021.03.29) зарлалаа. Х.Амаржаргал нь Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа, энэ дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд хувь нийлүүлэгчидтэй хамтран ажиллах, Рио Тинто”-гийн Монгол дахь салбар оффисийг удирдах юм. Мөн Рио Тинто" группийн олон улсын үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийн үйл ажиллагааг хариуцна.

Сүүлийн 10 гаруй жил Х.Амаржаргал нь Рио Тинто”-гийн Монгол дахь төдийгүй, Лондон дахь төв оффист хайгуулаас эхлээд стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байсан.

Түүний томилгооны талаар “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Оюутолгойн дараагийн үе шат бүхий л хувь нийлүүлэгчдэд ашигтай байлгахад анхаарч ажиллах шинэчилсэн багийн нэг хэсэг Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар Х.Амаржаргал ажиллахаар болсонд би хувьдаа баяртай байна. Түүний арвин туршлага, худалдаа, арилжааны талаарх өргөн мэдлэг, манлайллын гойд чадвар нь биднийг урагшлахад чухал ач холбогдолтой” гэв.

Х.Амаржаргал “Манай улсын төдийгүй Рио Тинто”-гийн хувьд тун чухал цаг үед энэ хүндтэй үүрэг ногдож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол хүний хувьд Оюутолгой төслийг нийт Монголчуудад, хувь нийлүүлэгчид, болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байлгахад анхаарч ажилласаар байх болно. Мөн дэлхийн түвшний 100 орчим чадварлаг залуу Монгол мэргэжилтнүүдээс бүрдэх Рио Тинто”-гийн Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийг хариуцан ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү төв нь мэдээлэл технологийн энэ эринд хурдацтай өргөжиж, дэлхийн олон улсад үйлчилгээ үзүүлэн, Монгол хүн эх орондоо дэлхийн түвшинд үнэлэгдэн ажиллах боломжтой гэдгийг харуулсан хөдөлмөр эрхлэлт, цар тахлын дараах эдийн засаг болон бизнесийн салбарт түүчээлсэн гадаадын хөрөнгө оруулалтын сайн загвар юм” гэж онцоллоо.

Рио Тинто”-гийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх "Түүнтэй 10 гаруй жил хамт ажилласны хувьд хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчид болон нийт монголчуудынхаа үгийг сонсож, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Оюутолгойг урагшлуулах ажлыг удирдан зохион байгуулах хамгийн тохиромжтой хүн нь Х.Амаржаргал гэдэгт эргэлзэхгүй байна. Рио Тинто”-гийн Монгол дахь ашиг сонирхлыг төлөөлж, Засгийн газар, бизнес эрхлэгчид болон бусад хувь нийлүүлэгчтэй харилцахад Х.Амаржаргал маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэв.

Х.Амаржаргал нь "Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ээс ажиллаж эхлэх юм.

Мэргэшсэн хуульч Х.Амаржаргал нь 2008 оноос хойш "Рио Тинто"-гийн Ази тивийг хариуцсан хайгуулын баг, Оюутолгой, Нүүрс болон очир эрдэнийн салбар нэгжүүдэд удирдах албан тушаал эрхэлж байсан. 2010 онд Оюутолгойн Стратеги Хөгжлийн Ерөнхий Зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Лондонд Рио Тинто”-гийн Хайгуулын группд Ази бүсийн Бизнес хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн 2014 оноос Рио Тинто”-гийн Зэс, Очир эрдэнийн группийн Ажлын албаны даргаар томилогдсон. Үүний дараа 2019 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто Монгол" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү шинэ албан тушаалд томилогдож байна. Х.Амаржаргал нь бизнесийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчаар ажлын гараагаа эхлүүлж, 2002 -2006 онд Цэц хуулийн фирмд өмгөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр Их Британийн Дандигийн Их сургуульд Хуулийн Магистрын зэрэг эзэмшиж, байгалийн нөөцийн бодлого, менежментийн чиглэлээр мэргэшсэн.

Эх сурвалж: Рио Тинто Монгол