Шинжлэх ухааны академиас хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлолтын нөлөөллийн судалгааг өнөөдөр /2022.01.11/ танилцууллаа.
Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-иас Ажлын хэсэг гарч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох талбайн газар нутгийн байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ.
Нэгдүгээрт, хөрсөнд хүнд метал, цацраг идэвхт бодисын нөлөө байгаа эсэхийг судалжээ. Ингээд төсөл хэрэгжих талбайгаас 62 удаа дээж авч шинжлэхэд хүнд хортой, металл, бохирдол илрээгүй аж. Харин шинжилгээгээр хоёр дээжид хүнцлийн агууламж өндөр гарчээ. Энэ нь тухайн газрын байгалийн тогтоцтой холбоотой гэж дүгнэжээ. Мөн уран торийн агууламж дэлхийн дунджаас хоёр дахин бага гарсан байна.
Хоёрдугаарт, усны судалгааг ураны олборлолт явагдах давхаргын болон түүний дээр ба доор байрлах уст үе, хүн малын унд ахуйн зориулалтаар ашиглах худгуудад хийсэн байна. Энэ хүрээнд хүн, малын ундны усны зориулалтаар ашигладаг 18 худагт шинжилгээ хийжээ. Ингэхэд 16 худагт буюу 89% нь хүнцэл, 12 нь фтор, 7 нь уран болон эрдэсжилт, 10 нь натри, 3 нь хатуулаг, хлор, сульфатаар тус тус стандартын шаардлага хангахгүй гэж гарчээ.
Гуравт, лицензийн талбай, малын бэлчээр, худгуудын ойролцоох 7 байршлаас ургамлын дээж авч шинжилгээ хийхэд ургамалд макро элементүүдээс хөнгөн цагааны илүүдэлтэй, кальци, төмөр, кали, магни элементүүдээс титан нэлээд өндөр агуулгатай байх боловч хэвийн түвшинд байна гэж үзжээ.
Лицензийн талбай дотор амьдардаг Улаанбадрах сумын иргэндийн хүнсэндээ хэрэглэж байсан мах, тэмээний сүүнээс дээж авч шинжилгээ хийхэд хүнд металлын агуулга нь "Хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, MNS 4504 : 2008" стандарт болон ОХУ, Европын холбооны журам, стандартад заасан үзүүлэлтээс бага байгаа нь эдгээр айлын мал бохирдолд өртөөгүй, мах сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой элемент зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулаагүй болохыг харуулжээ.
Ингээд судалгаагаар дараах дүгнэлтэд хүрчээ.
1.Олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн хөрс, ургамал, малын мах, сүүний дээжид хортой био идэвхт металл хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр илрээгүй. Тухайн газар нутгийн хөрс болон экосистем бохирдолд өртөөгүй.
2.Хүн, малын ундны усны худгуудын усанд фтор, хүнцэл, ураны агуулга өндөр, ундны усны стандартын шаардлага хангахгүй байна. Гэхдээ худгуудын байрлаж буй уст давхарга нь уран олборлох давхаргаас ус үл нэвчүүлэх шавран үеүдээр тусгаарлагдсан тул харилцан бие биеийнхээ усны чанар болон нөөцөд нөлөөлөхгүй.
3.Ураны хүдрийн орших хэлбэр, байршил, олборлолт явагдах газар нутгийн онцлог, олборлолтоос байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Дулаан, Дулаан-Уул болон Зөөвч-Овоо ордын ураныг газар доор уусган олборлох технологиор ашиглах нь хамгийн тохиромжтой хувилбар болно.
Р.Ренчин