Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Дэлхийн алтны эрэлт хоёр жилийн дээд үзүүлэлтэд хүрэв

Дэлхийн алтны зөвлөл (WGCouncil) 2021 оны хэмжээнд алтны салбарын үзүүлэлтийг илтгэсэн "Алтны эрэлтийн хандлага" тайланг танилцуулсан байна. Уг тайланд өгүүлснээр өнгөрсөн онд алтны эрэлт 4021 тоннд хүрч өсчээ. 2020 оны хувьд цар тахлын нөлөөгөөр эрэлт 14%-иар буурч 3760 орчим тоннд хүрсэн нь 2009 оноос хойших доод хэмжээ байсан билээ. Ийнхүү 2021 онд нийт эрэлт 4000 тоннын шугамыг давснаар цар тахлаас үүдэн гарсан байсан бууралтыг харьцангуй нөхөж чадсаныг тус байгууллага онцолжээ. Гэхдээ 2019 онд алтны нийт эрэлт 4355.7 тоннд хүрч байсан юм.

2021 оны хэмжээнд эрэлт өсөлттэй гарахад дөрөвдүгээр улирлын сэргэлт голлон нөлөөлсөн. Тодруулбал мөн улиралд эрэлт 1147 тоннд хүрсэн нь 2019 оны хоёрдугаар улирлаас хойших хамгийн өндөр хэмжээнд очсон төдийгүй өмнөх оны мөн үеийнхээс 50 орчим хувиар дээшилжээ.

Алтны эрэлтийн төрлүүдээр авч үзвэл гулдмай, зоосны эрэлт 2021 оны хэмжээнд 1180 тоннд хүрсэн нь өмнөх оныхоосоо 31%-иар өссөн дүнтэй гарлаа. Энэ нь сүүлийн найман жилийн хугацаан дахь дээд үзүүлэлт гэсэн үг.

Гэхдээ алтны хөрөнгө оруулалтын сангийн эзэмшил дэх үнэт металын хэмжээ 173 тонноор буурчээ. 2020 оны цар тахлын жил алтны сангуудын эзэмшил 874 тонноор өсч байсан юм. Гэхдээ 2021 оны дөрөвдүгээр улиралд алтны сангуудын эзэмшил дэх үнэт металын хэмжээ ердөө 18 тонноор буурчээ. Өөрөөр хэлбэл гадагшлах урсгал нэлээд татарчээ.

Гоёл чимэглэлийн салбар дахь алтны эрэлт өнгөрсөн онд 2124 тоннд хүрснээр 2019 оны буюу цар тахлын өмнөх хэмжээнд очиж сэргэлээ. Үүнд өнгөрсөн дөрөвдүгээр улиралд гоёл чимэглэлийн салбарын алтны эрэлт 2013 оны хоёрдугаар улирлаас хойших дээд хэмжээнд хүрч өссөн нь түлхэц үзүүлсэн байна. Голлох өсөлтийг уламжлал ёсоор Хятад, Энэтхэгийн эрэлт бүрдүүлжээ. Бусад бүс нутгийн хэрэглээ ч мөн өсөх хандлага ажиглагдсан байна.

Өнгөрсөн онд төв банкууд нийтдээ 463 тонн алт худалдан авсан нь 2020 оны дүнгээс 82%-иар дээшилжээ. Төв банкуудын алтны нөөц 30 жилийн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай тус байгууллага онцоллоо.

Технологийн салбарын алтны эрэлт 2021 онд 330 тоннд хүрсэн нь мөн л сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлт боллоо.

Дэлхийн алтны зөвлөл алтны ханшийн төлөвийн тухайд энэ онд өнгөрсөн оных шиг хэлбэлзэлтэй байх болов уу гэсэн таамаг дэвшүүллээ. Учир нь улс орны төв банкнууд инфляцыг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлого явуулах төлөвтэй байгаа юм. Ийм нөхцөл байдал нь ихэвчлэн алтны ханшийг доош чангаах чиглэлд үйлчилдэг байна. Гэхдээ инфляцын түвшин өндөр хадгалагдах нөхцөлд алтны ханш өсөх боломжтойг ч тус байгууллагаас тэмдэглэжээ. Алтны хэрэглээ, зах зээлд нөлөөлөх хүчин зүйлс олон салбараас хамаардаг тул үнэ ханшийг цөөн үйл явдлаар тооцох аргагүй ажээ.

Өнгөрсөн онд алтны нийт нийлүүлэлт 1%-иар буурч 4666 тоннд хүрсэн нь 2017 оноос хойших доод үзүүлэлт боллоо. Хэдийгээр дэлхийн алтны уурхайнуудын олборлолт өнгөрсөн онд 3560.7 тонн болж 2%-иар өссөн ч дахин боловсруулсан алтны нийлүүлэлт 11%-иар буурч 1149.9 тоннтой тэнцсэн нь нийт нийлүүлэлт доошлоход хүргэжээ.

 

Б. Төгс