Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй (2022.02.22) уулзалт хийлээ.
Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон байна.
Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 тоот хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн.
Журмын хэрэгжилтийн хүрээнд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2021 онд олгосон ба компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
Иймд алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг 2022 онд үргэлжлүүлэхээр болж талууд санал нэгдсэн юм.
Эх сурвалж: УУХҮЯ