Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Газрын тосны хоолойн санхүүжилтийг нүүрсний урьдчилгаа борлуулалтаар шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.02) дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Мөн Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт үйлдвэр"-т бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна.    

Цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Гашуунсухайт боомтод 66 га газарт автомат удирдлага бүхий жолоочгүй чингэлэг тээврийн терминал байгуулах, түүний зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрлөө.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулж энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.