Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.16) 1255 км үргэлжлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км бүхий төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг концессын хэлбэрээр барихаар шийдвэрлэлээ. 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоол гарч энэ дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-д баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр зам байгуулах "барих- ашиглах- шилжүүлэх" концессыг олгосон. Засгийн газрын энэ шийдвэрийн үргэлжлэл өнөөдөр хэлэлцэгдэж батлагдлаа.
"Монголын төмөр зам" ТӨХК бусад сонирхогч компанитай хамтарч тусгай зориулалтын компани байгуулж, улмаар техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төслийг боловсруулж "барих-ашиглах-шилжүүлэх" гэсэн концессын нөхцөлөөр төмөр замыг барина. Ингээд тодорхой хугацааны дараа Монголын төрд үнэгүй шилжүүлэх юм. Энэхүү тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замын концессын төслүүдэд ирж оролцохыг урьж байна. Одоогийн байдлаар төмөр замын гурван том төсөл хэрэгжиж байна. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслүүд болно. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэрлэлт бэлэн болсон. Гуравдугаар сарын 5-нд анхны тээвэрлэлтээ зэсийн баяжмалаар эхлүүлсэн. Дараагийн ачилтуудыг хийж байгаа бөгөөд албан ёсны нээлтээ хийхэд бэлэн болсон" гэв.
Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ТЭЗҮ судалгааг эхлээд боловсруулах тул бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг тодорхойгүй байгаа ажээ. Барих-ашиглах-шилжүүлэх концессоор барих тул засгаас ямар нэг санхүүжилт шаардахгүй ажээ.
Б. Төгс