Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ч.Хурц: Хүнд үйлдвэрүүдийг байгуулах нь зөв, гэхдээ оновчтой бодлого хэрэгтэй байна

Р. Ренчиндулам

Энэ онд тохиож буй Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “Зууны алдартан” буланг ажиллуулж байна. Энэ буланд салбарын түүхийг бичилцсэн эрхэм хүмүүс залагдах юм. Нэгдүгээр сарын дугаарын зочин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, уулын инженер Пунсалмаагийн Очирбат байсан. 

Энэ удаагийн зочин бол Хөдөлмөрийн баатар, геологи-минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц. Монголын геологийн салбарыг хөл дээр нь босгож, олон арван ордыг илрүүлэх, томоохон ордуудын нөөцийг тогтоох, ашиглалтад оруулахад гар бие оролцсон түүнийг Монголын эрдэс баялгийн салбарын “толь бичиг” гэж хэлбэл ононо. Тэрбээр ердөө 24 насандаа Улсын ерөнхий геологичоос эхлээд УИХ-ын гишүүнээр ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, салбарын сайд хүртэлх хариуцлагатай албан тушаалыг хашсан юм. 

Тэрбээр ярилцлагын эхэнд зөвхөн уул уурхайн салбарыг цаашид хэрхэн хөгжүүлбэл зохимжтой талаар өөрийн судалгаанд үндэслэн ярилцахаа учирласан юм. Учир нь, тэрбээр “Хурц амьдрал” гурван боть номдоо геологич болсон шалтгаанаас эхлээд, Цагаан суварга, Эрдэнэт зэрэг томоохон ордуудыг хэрхэн илрүүлсэн, уул уурхайн салбарт түүний баримталсан бодлого, хүндрэл бэрхшээл, хэрхэн туулсан зэрэг өнөөдрийг хүртэлх бүх түүхээ бичсэн юм. Тиймээс дээрх зүйлийг дахин ярих нь илүүц гэж үзжээ. Өдгөө 83 нас хүрч байгаа тэрбээр дараагийн боть номоо бичээд эхэлжээ. 

Геологич хүн улс эх орны хөгжлийг хэдэн арван жилээр нь хардаг гэж та ярьдаг. Монголын геологийн салбарыг, эх орныхоо хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

Монгол орон ашигт малтмалын үүцээ дөнгөж нээж байна. Монгол цаашид дэлхийд цойлон хөгжих боломжийг Монголын геологичид эрдэс баялгийн судалгаагаараа, эрдэм шинжилгээний ажлаараа хийсэн. Геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлох цаг нь болсон. Одоо манайд геологи, уул уурхайн салбар буруу хандлагаар яваад байна. Үүнийг хөөцөлдөж, зөв болгох талаар ярих хүн нь ч цөөрчихлөө. Юу гэхээр, бид хүнд үйлдвэрүүдийг байгуулах нь зөв, гэхдээ оновчтой бодлого хэрэгтэй байна. Тухайлбал, зэс хайлуулах үйлдвэрийг барихад дагаад хүхрийн хүчлийн үйлдвэр хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зэс хайлуулахад асар их хүхрийн хүчил ялгарч байдаг. 300 мянган тонн зэс хайлуулахад 1.2 сая литр хүхрийн хүчил гарна. Үүнийг яах вэ? Энэ хүхрийн хүчлээр фосфорын хүчил хийгээд, түүгээрээ бордоо хийх хэрэгтэй. Гэхдээ зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд барьж болохгүй.  

Яагаад?

Монголын газар тариалангийн хамгийн гол бүсэд химийн аж үйлдвэр байгуулж, хөгжүүлж болохгүй. Үйлдвэрлэлийн явцад хүхрийн хүчил ялгарч, хөрсөнд очно. Ингэснээр хөрсөө бордох биш устгах ажил хийгээд байна.

Монголд нэг ашигт малтмалын ордыг ашиглалтад оруулахад 5-6 баяжуулах үйлдвэр, гүн боловсруулах үйлдвэртэй байгаа үед арваад орд газрыг ашиглалтад оруулах боломжтой.

Монголын Геологи, эрдэс баялгийн музейд “Хурц Амьдрал” нэртэй гурван боть номынхоо нээлтийг хийж, мэргэжил нэгт нөхдөдөө номын дээжээсээ өргөн барилаа.

Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийг үндэсний боловсон хүчин бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнажээ. Шагналыг тус сургуулийн 100 жилийн ойн Хүндэтгэлийн хурлын үеэр  тус сургуулийн 1963 оны төгсөгч Ч.Хурц гардуулан өгөв.

 

Зэс хайлуулах үйлдвэрийг хаана барих нь зохимжтой вэ?

Төвийн бүсийн зэс хайлуулах үйлдвэр нь хүхрийн хүчлийн үйлдвэр, фосфорын хүчлийн үйлдвэр, диамофосын үйлдвэр гэсэн 4 үйлдвэрийн бүтэцтэй баригдах ёстой. 

Энэ 4 үйлдвэрт асар их ус хэрэгтэй. Үүнийг хангахын тулд 1км 500 метр далан барих шаардлагатай. Энэ даланг барьснаар Хэрлэнгийн гүүр хүртэл нуур үүснэ. Төвийн бүсийн энэ үйлдвэр Баян-Айрагийн хонхорт буюу одоогийн Чойроос Говьсүмбэр аймгийн Баянталын баруун хойд талд баригдвал зүгээр. Яагаад гэвэл, Чойрын районд ус хүрнэ, бас Цагаансуварга, Оюутолгой өөрсдийн хөрөнгө оруулалтаар эндээс ус авч болно.

Одоо томоохон үйлдвэрүүдийг барихаасаа урьтаж дэд бүтцээ бүрдүүлэх шаардлагатай байна. Цахилгаан, дулаан, ус, зам харилцаа, авто болон төмөр зам. Энэ бүтцийг бий болгоод түүнийгээ түшиглэн ажиллах ёстой.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ эргэлтийн бодлого”-д тусгагдсан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь гол биш. Харин томоохон үйлдвэрүүдээ барих нь чухал байгаа юм.  Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд асар их хөрөнгө гаргаж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлснээр улсын төсөв 1-5% нэмэгдэнэ. Харин хүнд үйлдвэрийг байгуулснаар улсын төсөвт орох орлого 20-50% нэмэгдэнэ. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх нь ийм ашигтай. Олсон бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгож байж л геологич хүний сэтгэл амардаг юм.

2017 онд Хөдөлмөрийн баатар боллоо

Үүнийг Та ямар судалгаанд үндэслэн ярьж байна вэ?

Геологийн шинжлэх ухаан гэдэг нь 60 гаруй шинжлэх ухааны нийлбэр. Геологич хүн улс орны хөгжлийг 20-30 жилийн өмнөөс хардаг. Тиймээс энэ салбарыг бодлогоор нэлээд сайн дэмждэг байлаа. Геологийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний хүрээлэнг 1990 оны үед 100 гаруй сая төгрөгийн төсвийн санхүүжилт, Шинжлэх ухаан техникийн сангийн санхүүжилтээр байгуулж байсан. Энэ хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Шинжлэх ухаан техникийн сангаас 37 сая төгрөг авч 1:1000000 масштабын зураг, газрын тосны зургийг эрдэмтэн О.Төмөртогоо, ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич  Ж.Бямбаа  нараар ахлуулан хийлгэсэн. Мэргэжлээрээ төрөлжсөн 13 экспедиц, түүн дотор орон нутгийн 8 экспедиц ажилласан энэ ажил геологийн саятын масштабыг Монголд анх удаа хийсэн тохиолдол болсон. Мөн энэ үед 3500 геологич ашигт малтмалын ордын эрэл хайгуулын ажлыг хийж байсан. 1:200000 геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил орон даяар хийгдэж дууссан. Ингээд тухайн зураг дээр илэрсэн ашигт малтмалын илрэлүүд, геохими, геофизикийн гажиглалыг судлах шаардлагатай болсон тул 1:50000 геоло­гийн зураглал, эрэл үнэлгээний ажил хийгдсэн. 1:50000 масштабд 50 метрийн зайтай металл метрийн дээж авч, диспекторын шинжилгээгээр шинжилсэн. Энэ ажлын үр дүнд урьд өмнө нь мэдэг­дэхгүй байсан зүйлүүд илэрч, олдсон юм. 

Монголын ашигт малтмалын байршлыг харахад, зүүн тал нь холимог металлын орд, баруун тал нь хар металлургийн үйлдвэрийн түүхий эд, төвийн бүс нь зэс хайлуулах хий-металлургийн салбар хөгжих ирээдүй бэлэн болсон. Металлургийг эдийн засгийн гол тулгуур зүйл болгон ашиглах ёстой. Их дээд сургуулиуд химийн металлургийн инженер бэлтгэх шаардлагатай байна.  

Цагаан суваргаас эхлээд стратегийн ач холбогдол бүхий олон ордыг Та илрүүлж, гар бие оролцсон. Энэ бүхнээс эхлээд геологи, уул уурхайн салбарт таны оруулсан хувь нэмрийг дурдвал нэлээд урт жагсаалт болох байх. Тиймээс Та геологийн салбарт өөрийн оруулсан хувь нэмрээс онцлоод хэдийг дурдахгүй юу?     

Товчхондоо Монголын аж үйлдвэрийн гурав дахь давлагааг үүсгэсэн. Энэ бүхэн уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдээс эхэлсэн. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, АМНАТ-ийг улсын төсвийн нэг хэсэг болгож байгаа нь буруу зүйл биш. Гэхдээ баяжуулах үйлдвэрүүдээс давхардуулан авч болохгүй. Зөвхөн уурхайлан авч байгаа газруудаас л авах учиртай.

Энэ жил Та 83  нас хүрэх гэж байгаа ч улс эх орныхоо хөгжлийн төлөө ажилласаар, сэтгэл, оюунаа чилээсээр байна. Одоогоор   ямар ажил дээр төвлөрч байна вэ?

Өөрийгөө зовоох ажил хийж байна. Үүнийг бичиж байгаа /ойролцоогоор 50 гаруй хуудас судалгааны материал харуулав/. Энийгээ “Хурц амьдрал”-ын дараагийн цуврал боть болгон хэвлүүлэх санаатай байгаа.