Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлолт, тээвэрлэлтийг ирэх сараас эхлүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар ОХУ, Украины хоорон дахь зэвсэгт мөргөлдөөн, түүнээс улбаалах эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах талаар хэлэлцсэн (2022.03.23) байна. Үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааны талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр “Манай улс дотоодын хэрэглээнийхээ шатахууны 75%-ийг ОХУ-аас импортолдог, үндсэндээ 100% хамааралтай гэсэн үг. ОХУ-ын эсрэг томоохон орнуудын хориг арга хэмжээ манайд их бага хэмжээгээр нөлөөлж байна. Өнөөгийн байдлаар шатахууны нийлүүлэлт, төлбөр дээр саатал гараагүй. “Роснефть” компани гэрээний дагуу нийлүүлэх болно, төлбөрийн асуудлаа анхаараарай гэж мэдэгдсэн. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш өнөөг хүртэл 180 орчим сая ам.долларын шатахууны төлбөр хийгдсэн. Ойрын хугацаанд төв банкны нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо хүчтэй баримтална.

Экспортын тухайд урд хөрш бараа бүтээгдэхүүнийг нэлээд хязгаартайгаар импортлон авч байна. Нүүрсний тухайд уурхай дээрээс ачилт хийхгүй байгаа тул манай улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөгөөний дагуу хийгдэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 280 тэрбум төгрөгийг банкуудаас зээл авч улсын төсөвт төлөх ёстой болж байна. Яг уурхай дээрээсээ олборлолт, тээвэрлэлтээ хийх нь хамгийн чухал. Дөрөвдүгээр сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой”-н олборлолт, уртын тээврийг эхлүүлэх тухай шийдвэр өнөөдөр гарлаа. Олборлолт зогссон шалтгаан нь цар тахал эхлэхэд Цагаанхадад 12 сая тонн нүүрсний овоолго үүссэн байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сараас хойш багассаар одоогийн байдлаар 5.4 сая тонн нүүрс үлдсэн байна. Тиймээс ийн багассан тул уртын тээвэр эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Уртын тээвэр эхэлснээр АМНАТөлбөр авах бололцоо бүрдэнэ. Гэвч зөвхөн экспорт эхэлснээр валютын орлого орж ирнэ” гэв.

Мөн үүнээс гадна шатахуун импортлогч компаниудад санхүүгийн үүсвэр талд туслалцаа үзүүлэх бэлтгэл ажлаа хангаад байгаа ажээ. Хэрэв баррель нефтийн ханш 140-150 ам.доллар хүрэх тохиолдолд импортлогч компаниудад татан авалт хийхэд нь санхүүжилтийн дутагдалд орохгүй байх тал дээр төв банк, Засгийн газар дэмжиж ажиллана.  Тэгэхээр цаашид шатахууны нийлүүлэлт, худалдан авалтад асуудал гарахгүй. Гагцхүү шатахууны борлуулалтын үнэ ханшид засгаас нөлөөлөх боломжгүйг тэрбээр онцоллоо.

 

 

Б. Төгс