Манай улс энэ онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, энэ хүрээнд бүх үйл явцыг цахимжуулахаар болоод байгаа юм. Ийнхүү салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулж тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн танхимын сургалтыг (2022.04.15) зохион байгууллаа. Эхний удаад сургалтыг танхимаар явуулсан бол цаашид Үндэсний геологийн алба сургалтыг цахимаар аж ахуйн нэгжүүдийн дунд явуулах бөгөөд ойрын хугацаанд сонгон шалгаруулалт явуулах талбайг нэгдсэн байдлаар зарлах юм байна.
Энэ оны тухайд Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газраас нийт 3.1 сая га талбайг эрдэсжилт, хэтийн төлөвөөр нь ялгаад сонгон шалгаруулалт зарлахаар бэлтгэсэн байгаа ажээ. Эдгээр талбайг нэг дор зарлах бөгөөд 400 хүртэлх тооны тусгай зөвшөөрөл олгох төлөвтэй байгаа юм. Талбай тус бүрт сонгон шалгаруултад оролцох компаниудад 30 хоногийн дотор саналаа цахимаар (tender.gov.mn-ээр дамжуулан) ирүүлэх боломж бүрдэнэ. Гэхдээ аж ахуйн нэгжүүд 30 хоногийн хугацааг уртасгах саналтай байна. Ингээд сонгон шалгаруулалтаар компаниуд саналаа цахимаар ирүүлсний дараа үнэлгээний гурван комисс гарч ажиллах ажээ. Үнэлгээний комисс компаниудаас ирүүлсэн саналыг техникийн болон үнийн саналд үндэслэн дүгнэлтээ гаргана. Шинэчилсэн журмаар үнийн саналыг голлон авч үзэхээр болсон нь алагчлах үзэл, албан тушаалтны ашиг сонирхол орохоос сэргийлсэн алхам гэдгийг салбарын агентлаг тайлбарлалаа. Гэвч зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл үүнд сэтгэл дундуур байна.
Засгийн газраас зогсонги байдалд ороод байгаа хайгуулын салбарыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татах үүднээс ийнхүү ажилдаа шуурхайлан ороод байгаа ч орон нутгийн захиргаа, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах вий гэсэн айдас, эргэлзээ компаниудын дунд байна. Харин уг асуудалд Ашигт малтмал, газрын тосны газар онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын багц хуулийн төслөөр дамжуулан орон нутаг, компани хооронд ихэвчлэн үүсдэг маргааныг арилгах зохицуулалтыг тусгаж ажиллаж байгаа ажээ.
Б. Төгс