Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Цагаан хад суурьшлын бүс цахилгаанд холбогдсоноор олон дэвшил бий болно

 Өмнөговь аймгийн “Мэлмий” сайтын эрхлэгч С.Сумьяа


Зогсож боломгүй хөгжлийн цэгт 30 жилийн дараа сая гэрэл асав... Мотор унтрав...


Өмнөговь аймагт 1992 онд Гашуунсухайтын хилийн боомт нээгдсэнээр Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт орших Цагаан хад хэмээх энэ газарт боомтыг түшиглэсэн суурин үүсч эхэлсэн түүхтэй. Тэр л цагаас Өмнийн говийг тодотгох улсын эдийн засгийн гол хөшүүрэг энэ л газарт буцалж, эх орны үнэт баялгийн үр шимийг тухайн нутгийнхан төдийгүй эх орны өнцөг булан бүрээс амьдрал хайн зорин ирэгсэд хүртэх болсон түүх ч мөн  эндээс эхтэй юм. Улсын эдийн засгийн гол зүтгүүр болж олон арван жилийн нүүрийг үдсэн ч тус газарт амьдарч буй иргэд, жолооч нарын амьдрах орчин, эрүүл ахуйн нөхцөл гээд олон зүйл орчлонгоос таслагдсан мэт орхигдож, гагцхүү тасралтгүй хөврөх их тоос, нүүрсэн тоосонцор дотор цахилгаангүй өнөөг хүрсэн түүх ч мөн л энд хамаарна. Тэгвэл олз омог хайн амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр газар газраас зорин ирж суурьшихдаа 30 жил харанхуй хэцүүтэй нүүр тулж ирсэн бүлэг хүмүүсийн амьдрал өнөөдөр нэг шатаар дээшлэн цахилгаантай болж, моторын дуу зогслоо.

2018 оноос эхлэлтэй шат шатны болон үе үеийн засаг төр, иргэд, ТББ-ынхны уйгагүй хөөцөлдлөгөө, үр дүнгээр одоо Цагаан хад суурьшлын бүсийн ард иргэд цахилгаан эрчим хүчний шугамд холбогдон 24 цагийн туршид ажил амьдралаа хэвийн явуулах боломжтой болж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хоттой байгуулсан санамж бичигт тусгагдсанаар уг ажлын эхлэл тавигдаж байсан бол ийнхүү хоёр жилийн дараа биеллээ олж, “Хайрхан” багийн нутаг дэвсгэрт орших Цагаан хад суурьшлын бүсийн цахилгаан хангамжийн 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Хайрхан багийн 35кВ/10кВ-ын 1600кВА, Цагаан хад суурьшлын бүсийн 35кВ/10кВ-ын 2500кВА дэд станцуудын үзлэг туршилтын ажил бүрэн хийгдэж, шилэн кабель, дамжуулагч утсыг татаж эрчим хүчээр хангаж эхэллээ.  


 
Цагаан хад суурьшлын бүсэд дэлгүүр ажиллуулдаг Намхайн Цэндээхүү гуай боомтыг гаальгүй байхаас нь өнөөг хүртэл 25 жил бизнес эрхэлжээ. Тэрээр цахилгаан эрчим хүчний найдвартай эх сурвалжид холбогдсоноор гарч буй өөрчлөлт хэмнэлтийн тухай бидэнтэй хуваалцсан юм. “Би энэхүү эрчим хүчний анхны хэрэглэгч юм. Сар гаруйн хугацаанд цахилгаан эрчим хүчний хувьд сая гаруй төгрөг төлдөг байсан бол 300 мянган төгрөгийг хэмнэдэг боллоо. Түүнчлэн дэлгүүртээ олон зүйлийн хүнсний барааг нэр төрөл олшруулан чанартай хадгалалттайгаар суурьшлын бүсийн ард иргэдэд үйлчилдэг болсон гэлээ.
 
Тус суурьшлын бүсэд идэвхтэй үедээ 20 гаруй мянган хүний төвлөрөл үүсдэг бөгөөд үүний 1500 орчим нь суурьшлын бүсэд амьдардаг аж ахуй эрхлэгч иргэд, төрийн үйлчилгээ явуулдаг ажилчид байдаг гэнэ. Тэдний хувьд цахилгаангүй байх үеийн эдийн засаг нь хэд нугарсан их зардлаар хэмжигддэг байсан тухай хэлж байна. Ханбогд сумын Хайрхан багийн Засаг дарга С.Батбилэг хэлэхдээ “Аж ахуй эрхлэгч байгууллага хүмүүсийн хувьд дизель генератор ашиглаж хоногтоо 100 литр түлш, иргэдийн хувьд 2 генераторын цахилгааныг цагийн хязгаартайгаар авч хэрэглэн сардаа 800 мянгаас 1 сая хүртэл төлбөр төлдөг байсан. Цахилгаан үдшийн 23 цаг гээд тасардаг учир мах хадгалаастай хөргөгч нь унтарч, бусад хүнс дулааны улиралд эрсдэлтэй ийм л нөхцөл он удаан үргэлжилж ирсэн. Улмаар тог цахилгаангүйн улмаас цэцэрлэг зэрэг бусад төрийн үйлчилгээг явуулах ямар ч бололцоогүй хаагдмал байсан бол одоо энэ бүхэн дуусгавар болж, нийгмийн суурь үйлчилгээ болох тог цахилгааны хэрэглээ 24 цаг болж, амьдрах орчинд бодит нэгэн дэвшил ирсэн багийн Засаг даргын хувьд баяртай байна” гэсэн юм.

Цаг үе, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан одоогийн байдлаар 17000 хөдөлгөөнт хүн ам байгаа юм. Үүнээс 5200 гаруй нь нүүрс тээврийн жолооч байгаа бол суурьшлын бүсэд идэвхтэй ажиллаж амьдарч байгаа 600 орчим хүн байна. Цаашид тус суурьшлын бүсийг улсын статустай төсөвт нэгж болгон хөгжүүлэх нь улсын эдийн засагт эерэг үр нөлөөтэйг оршин суугчид хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ бүс нутагт амьдарч ажиллах орчин нөхцөл сайжрах нь олон ач холбогдолтойн сацуу хоёр улсын газар тэнгэр шиг зөрүүтэй хөгжлийн ялгаа ч арилахын эхлэл юм гэдгийг тэд хэлж байна.

Цагаан хад суурьшлын бүсийн орчин нөхцлийг ийн улам сайжруулж, цар тахлын хариу арга хэмжээг өндөржүүлэн нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд бүх боломжоо дайчлах шаардлага эн тэргүүнд тавигдахын учир...

Одоогийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн гол төсөв бүрдүүлдэг энэ боомтын үйл ажиллагаа бүх талдаа жигд ажиллаж байх шаардлагатайг эдийн засагчид тайлбарладаг. Тодруулбал, энэ оны гуравдугаар сард нүүрсний үнэ дэлхийн зах зээлд хамгийн дээд цэгтээ хүрч тонн тутамдаа 421 ам.долларын ханштай болсон. Үүнээс хойш үнэ буурсаар одоо нүүрс тонн тутамдаа 300 орчим ам.долларын үнэ ханштай болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн бодлогын мэдрэмжтэй байдал, доголдолгүй ажиллаж байх зохицуулалтыг сайтар төлөвлөх нь энэ цаг үед нэн чухал. Учир нь зөвхөн говийн томоохон хоёр боомт, ашигт малтмалын төслүүдээс хүүхдийн мөнгө, бусад тэтгэвэр тэтгэмжийг бүрдүүлдэг гэж байна. Хэрэв эдгээр төсөл болон боомтын үйл ажиллагаа тасалдах болон удааширвал дээрх төсвүүд элгээрээ хэвтэнэ гэсэн үг юм. Тиймд ялангуяа нүүрсний үнэ гадна зах зээлд өсч буй энэ онцгой үеийг яаравчлан ашиглахгүй бол эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого талаар болно гэдгийг саяхан боомтод ажиллаад буцсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар албан мэдэгдэлдээ дурьдлаа. Улмаар нүүрсний экспортын тогтвортой үйл ажиллагаанд суурьшлын бүсийн ард иргэдийн амьдрах орчин тог цахилгаанаасаа эхлээд ийнхүү сайжирсан нь ч нааштай мэдээ болж байна. Одоо Гашуунсухайт хилийн боомт дээр цар тахлын улмаас үйл ажиллагаа удааширч ачилт буулгалтын талбайд 5 сая орчим тонн нүүрс, харин баруун хил буюу Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа бүрэн зогсож хилийн наана 7 сая орчим тонн нүүрс хуримтлагдаад байгаа юм. Эдгээр хуримтлагдсан буюу зарагдсан нүүрсийг нэн яаравчлан тээвэрлэж дууссанаар сая шинээр тээвэрлэн экспортлод гаргах нүүрсний худалдаа улсад ашгаа өгч эхэлнэ. Улмаар хөрш орны тавьсан шаардлагад хүлцэнгүй байх сонголт манай улсын хувьд гол гарц болсон гэхэд хилсдэхгүй ийм цаг үед хуримтлагдсан болоод олборлосон нүүрсээ 2 боомт дахь хүч нэмэгдүүлсэн бэлэн байдлын дор алдаа гаргалгүй зөөж борлуулж авах нь эдийн засгийн сэргэлтийн сүүлчийн боломж ч байж мэдэхээр нөхцөл байдал нэгэнт үүсчээ.
 
Ямартаа ч зогсож боломжгүй хөгжлийн цэгт 30 жилийн дараа гэрэл асч мотор унтарлаа... Харин одоо хөрш орныхоо хил боомттой ижил болгон хөгжүүлж, зөв зохион байгуулалтаар төрийн бодлого мэдрэмжтэй байж, нүүрс түүхий эдээрээ эдийн засгаа сэргээх асар их хүлээлт найдвар бидний өмнө үлдлээ.