Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Эрдэнэсийн нууцыг тайлсан 65 жил

Геологийн төв лаборатори анх Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор “Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори” нэртэйгээр байгуулагдсан.

Өнгөрсөн 65 жилийн хугацаанд манай хамт олны хийж бүтээсэн олон сайхан амжилтын нэг нь импортыг орлосон, экспортын чиг баримжаатай, дэлхийн стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чадсан юм. Энэ бүтээгдэхүүн нь лабораторийн амин чухал хэрэгцээ болсон, хүмүүсийн ярьдгаар эталон загвар буюу аттестатчилсан стандартчилсан загвар юм. Ер нь стандартчилсан загвар нь уул уурхайн бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний ажлын чанарт захиалагчийн зүгээс хяналт хийх лабораторийн шинжилгээний үр дүнгийн шууд баталгаа болж өгдөг.

Стандартчилсан загварыг үйлдвэрлэх ажлыг 1973 оноос эхлүүлж, 2012 онд АНУ-ын үндэсний итгэмжлэлийн байгууллага болох ANAB-аар ISO 17034 стандартын дагуу итгэмжлүүлж, Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд өөрийн дистрибьютер болох АНУ-ын Brammer Standards, Германы LGS, Австралийн Choice Analytical, ӨАБНУ-ын Industrial Analytical зэрэг дэлхийн томоохон стандартчилсан загвар борлуулагч байгууллагаар дамжуулан худалдан борлуулж байна. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд дэлхийн 20 гаруй нэр хүнд бүхий томоохон лабораториудад шинжилгээ хийлгэж, үр дүнг тусгай программ хангамж ашиглан боловсруулдаг. Одоогоор чулуулаг, хүдэр, баяжмал, цацраг идэвхт материал буюу уран, хөрс, нүүрс зэрэг 6 төрлийн 100 гаруй стандартчилсан загварыг үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.