Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

 Уул уурхайн бүтээгдэхүүнээс  олох орлогыг бууруулахгүйн тулд баяжуулах шаардлагатай         

   

"Эрдсийн баялгаас-Эдийн засгийн хөгжилд..."  уриатай “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн хурал "Миллениум Плаза" зочид буудалд болж байна.Өнөөдөр  дэлхийн томоохон улс орнуудын хэрэглээний бүтэц өөрчлөгдсөнөөс хамааралтайгаар экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд өндөрсжээ. Үүнтэй нийцүүлэх, нөгөө талаас дэлхийн зах зээлд нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээг бууруулахгүйн тулд зайлшгүй баяжуулах, улмаар боловсруулах шаардлага гарч ирсэн. Тиймээс ч 6 дахь удаагаа  зохион байгуулж буй энэ хурлаар уул уурхайн салбарт хэрэгжиж буй төслүүд, өнөөдрийн уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, түүнд шаардагдаж буй техник, технологийн шинэчлэл, уул уурхайн бирж байгуулах, салбарын хэмжээнд кластерийн системээр ажиллах нөхцөл боломж, менежмент болон зохицуулалтын талаар хэлэлцэж байна.

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа “Өнөөдөр бид баяжуулалт, олборлолтын технологийн шийдлүүдийг боловсруулалтын салбарын хэмжээнд хэлэлцэж байна. Уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжтай гаргах зорилтын хүрээнд хууль эрхзүйн олон шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Энэ нь салбарын олборлолт, боловсруулалтын техник, технологийн шинэчлэлийн ахиц хурдацтай нийлж явах ёстой.

Хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд эрдсийг баяжуулах, боловсруулах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэх, Хүнд үйлдвэрийн тухай хуульд боловсруулалтын түвшнийг нэмж оруулах, Үйлдвэрлэл-технологийн паркийн тухай хууль, олсон орлогоо хуваарилах Баялгийн сангийн тухай хууль, худалдан борлуулах дэлхийн зах зээлд эрдсийн гаралтай бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадамжтай худалдах, мөн Эрдэс баялгийн Биржийн тухай хууль зэрэг эрх зүйн суурь тавигдсан” гэж онцоллоо. 

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг  “Манай улс зах зээлээс үнэ хүлээн авагч гэдгийг мартах учиргүйИймд бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд байлгаж байж л борлуулалтын орлогыг хадгалах, ялангуяа экспортоос орж ирж байгаа валютын нөөцийг бүрдүүлэхэд манай салбар гол үүргээ гүйцэтгэнэ. Ялангуяа ордын дундаж агуулгын бууралт, геологийн болон бусад үзүүлэлтүүд нь хүндэрч байгаа нөхцөлд баяжмалынхаа стандарт шаардлагыг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг тасралтгүй боловсруулж хөгжүүлэх  туршилт судалгааны ажлын үр дүнд баяжуулалтын техник технологийн дэвшил гардаг. Энэхүү хурлаар шинэ туршилт, судалгааны ажлуудын үр дүнг харилцан солилцох, шинэ техник технологийн шийдлийг судлах, хамтран ажиллах замаар өөрсдийн туршлагыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааны байр суурийг бэхжүүлэх нөхцөл боломжуудыг эрэлхийлдэг” гэлээ. Манай улсад одоогийн байдлаар нийт 125 баяжуулах үйлдвэр байна. Эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийн хувьд  өнөөдөр дэлхий нийтэд нүүрс тэргүүлж байгаа бол 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүч тэргүүлнэ гэсэн судалгаа бий. Энэ судалгааг хүмүүс нүүрсний хэрэглээ буурна гэж хардаг. Гэтэл эсрэгээрээ хэрэглэх хэмжээ нь нэмэгдэнэ. 2020 онд нүүрсний нийт хэрэглээ 4,5  тэрбум тонн байсан бол  2050 онд  5,5 тэрбум тонн болон нэмэгдэхийг судалгаа харуулж байна.

                                                                                               Ж. Мөнх