Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Долоон жилийн хугацаанд бодит цалингийн өсөлт 14,8% байна

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА” болон Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн /ЭЗСЭШХ/-тэй  хамтран  “Монгол улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал зөвлөмж”  сэдэвт хурлыг өнөөдөр  Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уг хурлыг энэ оны   12-р сард Японд мөн зохион байгуулахаар төлөвлөснөө “ЖАЙКА”–гийн Байгалийн нөөцийн ахлах зөвлөх доктор Ёшитака Хосой танилцууллаа. Тус байгууллага (ЖАЙКА) “Эдийн засгийг уул  уурхайн салбарын хэт хэлбэлзлээс ангид тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах чадавхыг бэхжүүлэх  төсөл”-ийг 2016 онooс эхлэн  Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлжээ.  Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг  ЭЗСЭШХ-ийн захирал доктор Б. Түвшинтөгс танилцууллаа.  Манай улсын эдийн засгийн өсөлт гурван улирлын дараа эерэг гарчээ.  Хэдийгээр эдийн засгийн өсөлт 6,3%-тай байгаа эерэг үзүүлэлт харагдаж байгаа ч энэ нь ковидын үе болох 2021 онтой харьцуулсан үзүүлэлт юм. Бодит ДНБ нь 2019 оны түвшнээс доогуур байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Эдийн засгийн өсөлтийн голлох хүчин зүйл нь өрхийн хэрэглээ. 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар ДНБ-д  61,8% -ийг эзэлжээ. Өрийн хэрэглээний жилийн бодит өсөлт 5,1 хувь гарсан. Гэхдээ үүнийг 2019 онтой харьцуулахад мөн л дунджаас доогуур үзүүлэлт гарчээ. Хөрөнгө оруулалт, эцсийн хэрэглээ бодит дүнгээр өссөн боловч гадаад худалдааны алдагдал эрс нэмэгдсэнийг судалгаа харуулж байлаа. Импортын хэрэглээний жилийн бодит өсөлт нь 34,2% байна.  Судалгаанд онцлон дурдсан бас нэгэн асуудал нь цалин. 2015 оноос хойш нэрлэсэн цалин 77,8 % -иар өсжээ. Харин бодит цалингийн өсөлт 14,8% байна. Долоон жилийн хугацаанд  цалингийн өсөлт 15 хувь хүрэхгүй байгаа нь уул уурхайгаас хэт хамаарсан голланд өвчин манай эдийн засагт бодитоор нүүрлэж байгаагийн тод илрэл болохыг санууллаа. Цалин өссөн ч инфляцид “идэгдээд” бидний амьдралд нэмэр болохгүй байгааг “тооны хэлээр” ийнхүү тайлбарласан юм.  ЗГ-ын нийт өр жилийн өмнөхөөс 5,2%-иар өсөж 28,5 их наяд төгрөгт хүрчээ.Ам доллартой харьцах төгрөгийн ханш суларч байгаа нь өрийн өсөлтөд ийнхүү нөлөөлсөн байна.  ЗГ-ын бондуудын өгөөж өсөж байгаа нь Монгол улсын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардал нэмэгдэж байгааг харуулж байна.  Энэ бүгдээс дүгнэлт хийхэд инфляцын хурд буурч байгаа мэт боловч өндөр хэвээр цаашид үргэлжлэх төлөвтэй. Экспорт саатсанаар урсгал тэнцлийн алдагдал өсөж байна. Эдгээр бүх нөхцөлөөс шалтгаалан мөнгөний болон сангийн бодлогын орон зай улам хумигдмал болж байгааг судалгаа  харуулсан юм.

                                                                                                           Ж.Мөнх