Эрэл хайгуулын ажлын үр дүнд тогтоосон хэтийн төлөв бүхий ашигт малтмал (АМ)-ын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үнэ цэнийг тооцоолж, мэдээлэх зайлшгүй шаардлага практикт үүсдэг. Энэхүү шаардлагаар санхүү, эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчдад зориулан тухайн ашигт малтмалын ордыг ашиглах, төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тухайн төслийн үе шатаас хамааруулан тооцоолж, мэдээлэх, тайлагнах, дүгнэлт гаргах зорилгоор 1996 оноос уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад, АНУ, Өмнөд Африк зэрэг улс орнууд Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний стандарт, кодекс, журмыг боловсруулан нийтээрээ даган мөрдөж хэрэглэх болжээ.
Олон улсад Хөрөнгийн зах зээлд олон нийтээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх зорилгоор олон нийтэд анхны удаа үнэт цаас санал болгон (IPO) гаргах, хөрөнгө оруулалтын болон худалдааны хэлцэл, ТЭЗҮ-ийн судалгааг дэмжих, хамтарсан компаний гэрээ, хэлцэл хийх тулгуур баримжаа үнэ цэнийг тодорхойлох, хувьцаа эзэмшигч, даатгалын компанид зөвлөгөө өгөх, санхүүгийн тайлан, татварын тайланд тусгах, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг олон зорилгоор Ашигт малтмалын төсөл/ордын үндэслэл бүхий судалгаа, үнэлгээг дээрх стандарт, кодекс, журмыг баримтлан мэргэжлийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчид хийж гүйцэтгэдэг байна.
Монгол улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ажлууд нь Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль (2022 онд шинэчлэн найруулсан), Ашигт малтмалын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн журам, Хөрөнгийн биржийн бүртгэлийн журам зэрэг хууль, эрх зүйн актуудаар зохицуулагддаг байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад Ашигт малтмалын үнэлгээний кодекс, үнэлгээний арга зүй, мэргэжлийн оролцогчдыг бэлтгэх сургалт, олон нийтэд таниулан сурталчлах, төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог хангах зэрэг ажлуудыг Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ хороо нь хариуцан ажиллаж байна.
Түүх дурдвал, МУ-ын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ хороо нь 2021 оны 2 сарын 5 ны өдөр Геологи, уул уурхайн салбар, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт (ММҮИ)-ийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Ашигт малтмалын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ашигт малтмалын хэтийн төлөвтэй талбай, орд газар, уул уурхайн төслийг үнэлэх үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин, стандарт, арга зүй, мэргэшсэн хүний нөөцийн асуудлуудыг аажмаар шийдэх, сайжруулах тал дээр МОНВАЛ хороо нь эрчимтэй ажиллаж байна.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний асуудал нь геологи хайгуул, уул уурхай, санхүүгийн салбар хоорондын байгууллагуудын оролцоотой байдаг бөгөөд энэ хүрээнд Геологи хайгуул, Уул уурхайн мэргэжлийн холбоодын төлөөлөл, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Яам, Сангийн яам, Хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах Хорооны төлөөллүүдтэй цаг үеийн байдлаар мэдээлэл өгч, санал солилцох уулзалтуудыг зохион байгуулсаар байна.
МОНВАЛ хороо нь Олон улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний хороонд 2021 оны 10 сарын 26 нд Ажиглагч гишүүнээр элссэн байдаг.
2021 онд Санхүүгийн зохицуулах хорооноос “Ажлын хэсэг” байгуулагдан, Олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний хорооны (IMVAL) сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн загвартай дүйцүүлсэн “МУ-ын үндэсний Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ код”-ыг боловсруулсан бөгөөд мөн 2022 оны 6 сараас хойш АМ-ын хөрөнгийн үнэлгээний арга зүйн төслийг боловсруулан ажиллаж байна.
Мөн Австралийн Засгийн Газрын, Гадаад хэрэг, Xудалдааны танхим (Department of Foreign Affairs and Trade (DFAT), AusAID)-ийн тусламжтайгаар Монгол улсын болон Австрали улсын засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Австрали, Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа (AMEП)”-ны төслийн хүрээнд Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, үнэлгээчин, сургагч багш бэлтгэх зорилгоор “Австралазийн Уул уурхай, Металлургийн Институт” (Australasian Institute of Mining and Metallurgy, “AusIMM”)-тай хамтран геологи, уул уурхай болон хөрөнгийн үнэлгээний салбараас төлөөлүүлэн 50 хүнийг сургалтад хамруулан, энэ чиглэлээр анхны мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Эдгээр мэргэжилтнүүд нь ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааг олон улсын түвшинд ямар стандарт, код, арга зүйг ашигладаг талаар ойлголттой болж, мөн тус салбарын бодит туршлагын талаар олон улсын зөвлөх мэргэжилтнүүдээс сайн туршлагыг суралцаж, шинэ мэдлэг, мэдээлэл авч, ямар нэгэн байдлаар өөрсдийн ажил бизнесийн орчин, талбартаа олж авсан мэдлэгээ илүү хөгжүүлэн, ашиглах боломжтой болсон гэж үзэж байна.
Мөн 2022 оны 4 сард Монгол дахь Австралийн худалдааны танхим (Australian Chamber of Commerce Mongolia-AustCham), хувийн байгууллагын төлөөллүүдтэй хамтран тус байгууллагын гишүүдэд зориулсан АМ-ын хөрөнгийн үнэлгээний хууль эрх зүйн орчны байдал, хэрэглээний талаар мэдээлэл өгөх “Мэргэжлийн уулзалт”-ыг хийв.
Цаашид Монгол улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний салбарыг олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадамжтай байлгах тал дээр анхааран ажиллаж байна. Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаа нь зохих АМ-ын хөрөнгийн үнэлгээний стандарт, арга зүйг баримтлан, “мэргэшсэн” мэргэжилтэн, үнэлгээчнийг хараат бус, ёс зүйтэй, мэргэжлийн чадамжтай, ил тод, материаллаг, үндэслэлтэй байх гэсэн үндсэн болон нэмэлт зарчмуудыг хангаж ажиллахыг шаардана.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга (2022.06 сар)-аар ашигт малтмалын хайгуулын төсөл, уул уурхайн чиглэлийн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг Уул уурхайн асуудал хариуцсан яам, Сангийн яамтай хамтран баталж, нийтээр даган мөрдүүлэхээр хуульчилсан нь ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад төрийн зүгээс томоохон дэмжлэг болно гэж МОНВАЛ хороо найдаж байна.