А.Халиун
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай хийжээ. Анхны арилжаагаар нэг тонн коксжих нүүрсийг 178.6 ам.доллараар дуудлага худалдаанд оруулж 179.1 ам.доллараар Ганцмод боомтоор 32 мянган тонн нүүрс арилжсан байна.
Өмнө нь бид уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 100 ам.доллараар худалдаж байсан бол биржээр 179 ам.доллар болон үүнээс дээш үнээр арилжих боломж бүрдлээ. Монголын баялгийг үнэд хүргэх болом ийн амжилттай нээгдсэнээр Монгол Улсад орох валютын орлого нэмэгдэнэ гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ярив.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай , 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Монголын хөрөнгийн биржийн хувьд түүхэн өдөр, таваарын арилжаа хөрөнгийн зах зээлд нэвтрэх ажлын эхлэл боллоо. Бид анх удаа Эрдэнэс Тавантолгой компанийн 32 мянган тонн нүүрсийг амжилттай арилжлаа.
Төрийн өмчит компаниудын орлогыг тунгалаг болгох, цаашдаа Монголын уул уурхайн гол бүтээгдэхүүнийг үнэд хүргэх боломж бүрдэж буй юм.
2022 оны 12-р сард УИХ-аар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан. Энэ бол маш чухал хууль бөгөөд 2023 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр зөвхөн нүүрс төдийгүй Монголын экспортын бусад бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдах эрх зүйн орчин бүрдэх юм гэлээ.