А.Халиун
Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна энержи интернэшнл” ХХК, “Баошен төмөр зам” ХХК-ийн хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилготой санамж бичгийн төслийг хэлэлцэн, тохиролцсоноор 2023 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажлаар Монгол Улсад зочилж буй БНХАУ-ын “Чайна Энержи интернэйшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ву Чуань болон албаны бусад төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Хил холболтын төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулахтай холбоотой харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахад гар бие оролцсон төлөөлөгчдийн зүтгэл өндөр болохыг тэмдэглэлээ.
БНХАУ-ын “Чайна Энержи интернэйшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ву Чуань, Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам болон “Тавантолгой төмөр зам” ХХК хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч буйд талархал илэрхийлээд, БНХАУ-ын Засгийн газар болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос уг ажилд онцгойлон анхаарч ажиллаж байгааг онцолсон юм.
Хоёр тал нягт хамтран ажиллаж хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.
Уг харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”, “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн холбогдох шаардлагуудыг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдэж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.