Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын алтны зах зээл  сэргэснээр  дэлхийн алтны эрэлт өснө 

Ч.Сансар

Хятад 2022 онд 1343 тонн алт импортолсон бөгөөд энэ нь 2018 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. 2022 оны нийт алтны импорт 2021 онтой харьцуулахад 64%-иар өссөн байна. 

Засгийн газар Ковидын зарим хязгаарлалтыг зөөлрүүлснээр Хятадын алтны эрэлт хэрэгцээ сүүлийн хагас жилд өссөн. Хятад өнгөрсөн 12 дугаар сард 157 тонн алт импортолжээ.

Жилийн эхний хагаст томоохон хотуудад тогтоосон хорио цээр нь орон нутгийн алтны эрэлт, импортыг багасахад нөлөөлсөн. Ковидтой тэмцэх арга хэмжээ суларч, орон нутгийн алтны үнэ олон жилийн дээд түвшинд хүрсэний улмаас жилийн хоёрдугаар хагаст импорт огцом өссөн.

Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр, Хятадын алтны зах зээлийн өсөлт нэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн. Шанхай-Лондонгийн биржийн алтны үнэ бага зэрэг сэргэж, өнгөрсөн 10 дугаар сараас хойш буурах хандлагыг зогсоов. Хятадын Засгийн газрын тогтоосон Ковидын хязгаарлалт дуусаж, Хятадын эдийн засаг сэргэсэн нь алтны зах зээлийн өсөлтийг дэмжсэн. Хятадад Ковидын халдвар 12 дугаар сард дээд цэгтээ хүрсэн. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр, 1 дүгээр сард Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж эхэлсэн байна. Энэ нь алтны зах зээлд асар том нөлөө үзүүлсэн.

Хятадын алтны нийгэмлэгийн мэдээлснээр, Хятадын цагаан сарын баяраас хаврын Дэнлүүний баяр хүртэлх 15 хоногийн хугацаанд Хятадын алтны хэрэглээ өмнөх оны мөн үеэс 18%-иар өссөн байна.
2023 оны нэгдүгээр сард Шанхайн алтны биржээс нийт 140 тонн алт татсан. Энэ нь өмнөх сараас 2 тонноор, 2022 оны 1 дүгээр сараас 25%-иар буурсан үзүүлэлт юм. Өмнөх Хятадын цагаан саруудтай харьцуулахад 1 дүгээр сарын нийт татан авалт 10 жилийн дунджаас 12%-иар их байна.

БНХАУ-ын Ардын банк 11-р сард албан ёсоор алт худалдан авах үйл ажиллагаагаа сэргээсэн тухай бид мэдээлсэн. Энэ нь 11 дүгээр сар хүртэл үргэлжилж, Хятадын төв банк нөөцөө дахин 15 тонноор нэмсэн. Одоо Хятадын нийт нөөцийн 3.7%-ийг алт эзэлж байна. Хятадын төв банк 2002-2019 оны хооронд 1448 тонн алт хуримтлуулж байгаад гэнэт чимээгүй болсон. Тэр чимээгүй жилүүдэд хятадууд алтны нөөцөө үргэлжлүүлэн нэмж байсан гэж олон хүн таамаглаж байгаа.

Хятад улсын албан ёсоор зарласан мэдээнд дурдсанаас   их хэмжээгээр алт эзэмшдэг гэсэн яриа үргэлж гардаг. Хэрэв Хятадын алтны зах зээлийн энэхүү сэргэлт 2023 он хүртэл үргэлжилбэл дэлхийн алтны эрэлт өснө. Дэлхийн алтны эрэлт 2022 онд 18%-иар өсч 4741 тоннд хүрсэн нь  сүүлийн 11 жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.