А.Халиун
Л.Оюун-Эрдэнэ: Боомтын боомийг тайлснаар экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажилласан хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар МҮОНРТ-ээр өчигдөр орой 21.30 цагт /2023.02.19/ дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
Ерөнхий сайд нүүрсний хулгай, Хөгжлийн банкны будлиан, авлигатай хэрхэн тэмцэх тухай болон эдийн засгийг сэргээх боломжуудын талаар хөндөн ярьсан юм.
Ерөнхий сайдын ярианаас Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээр бүлэгт тусгасан Боомтын сэргэлттэй холбоотой асуудлын хүрээнд хийж буй ажил, энэ нь улсын эдийн засагт ямар өгөөжтэй талаар өгүүлснийг хэсэгчлэн хүргэж байна. Ерөнхий сайдтай МҮОНТ-ийн сэтгүүлч Р.Гандиймаа ярилцлаа.
Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улс нүүрс, зэс болон экспортын бусад бүтээгдэхүүнүүдээ төмөр замаар тээвэрлэх зорилготой. Үүний тулд 10 гаруй жил гацсан Гашуунсухайтын төмөр замыг барьж ашиглалтад орлоо. Одоо хил холболтын терминал барихад 1.5 жилийн хугацаа орно. Ханги-Мандалын төмөр замыг барьсан. Энэ төмөр зам баригдсанаар манай улс нүүрсээ зөвхөн Баяннуурт худалддаг байсан бол Хятадын Бугат хот руу зарах боломж нээгдэнэ.
Бичигт боомт баригдсанаар далайд хамгийн ойр гарцыг төмөр замаар холбох юм. Мөн Шивээхүрэнгийн боомтыг Арцсуурийн боомттой холбох том төслийг энэ онд багтаан шийдвэрлэнэ. Товчхондоо бүх боомтыг автозамаар холбоно. Стратегийн ач холбогдол бүхий боомтуудыг төмөр замаар холбох зорилттой. Боомтын боомийг тайлснаар экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлнэ.
Маш хурдан, их хэмжээний нүүрс гаргах нь Монгол Улсын Засгийн газрын ойрын үеийн стратеги юм. Тэр санхүүжилтээрээ эдийн засгийг төрөлжүүлэх ёстой.
Манай улс жилд 30 сая тонн нүүрс зардаг. Үүнийг 45 сая тоннд хүргэвэл Монгол Улсын эдийн засаг өнөөдрийнхөөс нэлээд өөр түвшинд хүрнэ. Далд эдийн засаггүй, ам биш хил үнээр зарвал улсын эдийн засагт маш их өгөөжтэй. 50, 100 сая тонн нүүрс экспортолдог болбол нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давна гэсэн үг. Боомтууд сэргэж, авлигын далд сүлжээг таслан зогсоовол Монгол Улс 2023 онд хүрнэ гэсэн эдийн засагтаа 1-2 жилийн дараа очно.
-Хоёрхон жилийн өмнө Монгол Улс яаж дефолт болохгүй хүндрэлийг давах вэ гэж ярьж байв. 2023-2024 онд эдийн засаг ямар байх бол?
-Эдийн засаг сэргэнэ. Ковидын хатуу хөл хориотой үед улсын эдийн засаг -4.7 хувь болсон нь 1990 оноос хойших хоёр дахь уналтын үе байв. Улсын төсөв 20 орчим хувиар тасарсан хүнд үеийг давлаа. Одоо хилээ нээсэн, боомтоо сэргээснээр 2023 онд эдийн засаг эерэг байх болно гэлээ.