Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тэсрэх бодисын нийлүүлэлт 2023 онд хэвийн явагдана

Ж.Мөнхцэцэг

Уул уурхайн компаниудад тулгараад байгаа олон асуудлын нэг нь тэсэлгээний бодисын дутагдал. 2021 оны сүүлээс эхлэн ОХУ тэсэлгээний бодисоо гадагш гаргахыг хориглосноос болж үнэ нь гурав дахин өссөн. Үүнийг дагаад бусад бодисын үнэ ч өссөн ч эргээд буурсангүй. Цар тахлын үед нэн ховордож уурхайнууд сул зогсолт хийх шахсан нь саяхан.

Монгол Улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил явуулах, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах 92 тусгай зөвшөөрөлтэй 80 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгө оруулалтын хэлбэрээр нь ангилбал:

  • Гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай-5
  • Дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай-65
  • Хамтарсан хөрөнгө оруулалттай-10

Дээрх 80 аж ахуйн нэгжээс импортлох 33, үйлдвэрлэх 18, тэсэлгээний ажил явуулах 77 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Уул уурхайн салбарт, тэр дундаа тэсэлгээний салбарт хэрэглэж байгаа гол түүхий эд нь энгийн болон эмульсийн тэсрэх бодис гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн байдаг аж. Эдгээрийн үндсэн түүхий эд нь аммонийн нитрат буюу монголоор аммиакийн шүү юм.

Уг бодисыг зуун хувь Оросоос авдаг. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ОХУ квот тогтоосноор нийлүүлэлт нь багасчээ. ОХУ-ын уул уурхай, хөдөө аж ахуйн салбар нийлээд бараг 11 сая орчим тонн аммиакийн шүүг нэг жилд хэрэглэдэг. Харин манайх ковидын өмнө 120-150 мянган тонн орчмыг хэрэглэдэг байж. Өнгөрсөн жил салбарынхны хувьд хангалттай нөөц бүрдүүлж чадаагүй. Уул уурхайн яам, Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдын холбоо, ГХЯ, ОХУ-д байгаа ЭСЯ-тай хамтран ажилласнаар уг бодисыг оруулж иржээ. Аммиакийн шүүг манай зах зээлд голлон нийлүүлэгч нь Ангарскийн азотын завод. Энэ байгууллагын хувьд уг бодисыг экспортод гаргахын тулд ОХУ[1]аас нэлээд олон шат дамжлагаар дамжин тусгай зөвшөөрлүүд авдаг. УУХҮЯ болон төр засгийн бусад байгууллагаараа дамжуулан дэмжлэг үзүүлбэл нийлүүлэлтийн талд ямар ч асуудалгүй гэдгээ тэд илэрхийлсэн байна. Манай яамд энэ чиглэлээр ажиллан ОХУ-ын Үйлдвэр худалдааны яаманд хүсэлт тавьсны дагуу энэ бодис өнгөрсөн онд саадгүй орж иржээ. Харин энэ оны нийлүүлэлт мөн л энэ хэлбэрээр ярьж цаашид хэвийн явах байх гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа.

Аммиакийн шүүг дотооддоо үйлдвэрлэе гэх нэг хэсэг байдаг. Саяхан “Де facto” нэвтрүүлгээр аммиакийн шүүг үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх талаар ярьсан нь ч бий. Үйлдвэрлэгч болбол хараат байдлаас гарах сайн талтай ч өртөг зардлын хувьд ямар бол? гэдгээ бодолцох шаардлагатай. Ашигтай биш бол алдагдалтай үйлдвэрлэлийг дэмжээд ч хэрэггүй гэдгийг өмнөх гашуун туршлагууд гэрчилнэ. Учир нь аммиакийн шүүг үйлдвэрлэхдээ байгалийн хийг ашигладаг. Байгалийн хийн хямрал Европт явагдсан нь тэсэлгээний бодисын үнэ нэмэгдэх үндсэн шалтгаан болжээ. Аммиакийн шүүг үйлдвэрлэх өртөг өндөр болохоор дэлхийд маш цөөхөн үйлдвэр бий. Уг бүтээгдэхүүнийг маш ихээр үйлдвэрлэж байж сая өртөг зардлаа нөхдөг онцлогтой. Манай улсын хэрэглээ нь ОХУ-ын нийт үйлдвэрлэлийн 5%-д ч хүрдэггүй. Хэрэглээ ийм бага атлаа аммиакийн шүүг үйлдвэрлэнэ гэвэл хэзээ ч ашигтай ажиллахгүй нь тодорхой бололтой. Манай хөдөө, аж ахуйн салбарын хувьд уг бодисын хэрэглээ маш бага, нийт хэрэглээний дөнгөж 5%-ийг эзэлдэг. Бас нэг гол зүйл нь тэсэлгээний хэрэгсэл. Одоо уурхайнууд тэсэлгээний хэрэгслийн нөөцөө бараг хэрэглээд дуусаж байна. “Оюу Толгой” зэрэг томоохон компаниуд тэсэлгээний хэрэгслээ “Орика Монголиа” ХХК зэрэг томоохон компаниудаар дамжуулан онгоцоор авч эхэлсэн. Онгоцоор оруулж ирэхэд өөрийн өртөг нь 2-3 дахин нэмэгдэх болохоор бусад уурхайнуудын хувьд хэцүүхэн нөхцөл байдал үүсдэг. Тэсэлгээний хэрэгслийг мөн ОХУ-аас авдаг болохоор дайны нөлөөгөөр ийнхүү хомстож байна.

“Мера” ХХК, “Орика Монгол” ХХК-ийн дэмжлэгээр тэсэлгээний хэрэгсэл бүүстерийг үйлдвэрлэж байна.

Гэхдээ манай улсад химийн болоод электроникийн үйлдвэрлэл сайн хөгжөөгүй болохоор зуун хувь өөрсдөө хийх боломжгүй. Хэрэглээний 80% нь ОХУ[1]аас хамааралтай. Тэсэлгээний хэрэгслийг оруулж ирэхэд тээвэр логистикийн асуудал бас хүндрэл дагуулдаг. Хятад, ОХУ аюултай ачаанд транзит тээвэр хийхийг хориглодог. Тиймээс энэ бодисыг өөр улсаас оруулж ирэхэд агаарын тээврийг ашиглах зайлшгүй шаардлага бидэнд бий. Агаарын тээвэр өртөг өндөр.

Нөгөө талаас өнөөгийн геополитикийн нөхцөл байдлын улмаас хэвийн ажиллагаагаа хангая гэвэл багадаа гэхэд зургаан сарын нөөц зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай болж байгааг салбарынхан өгүүлж байсан юм. “Нөөц бүрдүүлэх нь соёл болж хэвших хэрэгтэй байна” гэж байсныг ч тоолгүй орхиж боломгүй.

2022 онд БНХАУ-аас 114.000 тонн түүхий эд импортлох зөвшөөрлийг 4 аж ахуйн нэгж авсан боловч хил хаасантай холбоотой импорт хийгдээгүй байна. ОХУ-аас 606.400 тонн түүхий эд импортлох зөвшөөрлийг 14 аж ахуйн нэгж авсан боловч ОХУ-ын Засгийн газраас дотоодын хомстол үүсэхээс урьдчилж экспортод гарч байгаа зарим бүтээгдэхүүнд хязгаарлалт хийсэн тул манай улсад сарын 10.000 тонн шүү экспортлох зөвшөөрлийг олгож байна. Одоогийн байдлаар 100.000 орчим тонн түүхий эд импортлоод байгааг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Б. Дашбал танилцуулсан юм.

Сэтгэгдэл (1)

  • Мөөгий (163.116.169.119)
    Үйдвэрлэсэн Тэсрэх бодисын хэмжээ, яагаад Зарцуулсан тэсрэх бодисын хэмжээнээс зарим жилүүдэд маш өндөр зөрөөтэй байгааг тайлбарлаж өгнө үү,
    2023 оны 04 сарын 17 | Хариулах