Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг үзэглэлээ

Д.Оюунчимэг

“Оюутолгой” компани Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллана. Тэд өнөөдөр “Санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа. Талууд уулзах үеэр Оюутолгойн төслийнхөн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцуулахын сацуу мод хэрхэн тарьж, ургуулж буй богино хэмжээний бичлэг үзүүлэв. Ийнхүү хоёр байгууллага хамтын ажиллагаагаа эхлүүлэхдээ “модыг хэрхэн хөрсөнд суулгаж, тордож, ургуулж, үр шимийг нь хүртэж болох вэ” гэдгийг үзүүлэв. “Оюутолгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтсийн Ерөнхий менежер Ш.Мелиса “Мод тарьж байгаа аргачлалтай адилаар бид хамтын ажиллагаагаа хэрхэн хөрсөнд суулгаж, тордож, ургуулах нь биднээс шууд хамааралтай гэдгийг харуулахын хүслээ. Бидний хамтын ажиллагаа цаашид илүү цар хүрээг хамарч, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

“Оюутолгой” компани Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажилласнаар сургалт, хөдөлмөрийн харилцаан дахь мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг, туслалцаа, ажлын байрны чадамжийн үнэлгээ зэрэг зорилгыг биелүүлэхэд хамтран ажиллахаар төлөвлөжээ. “Оюутолгой” төсөлд 20 гаруй мянган ажилтантай. Тиймээс шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал тулгарч байсан. Энэ үед тус холбоотой хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн гэдгээ уулзалтын үеэр Ш.Мелиса ярьж байлаа.

“Оюутолгой” компанийн үйл ажиллагааг Монголын ард түмэн бүрэн дэмжиж ажилладаг гэдгийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар онцлон тэмдэглэлээ. “Хоёр тал хамтран ажиллах болсонд баяртай байна. Бид хамтын ажиллагааны хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгмийн түншлэлийн хүрээнд бүх талын туслалцааг үзүүлэхэд бэлэн байна. Тухайлбал, үйлдвэрчний эвлэл болоод хамтран ажиллагч байгууллагуудын тавьсан шаардлага зэрэгт арга туршлагаасаа хуваалцах боломжтой. Мөн ажил олгогчийн хувьд тулгарч буй хүндрэлүүдийг даван туулах, дэмжлэг үзүүлэхэд манай байгууллагын зүгээс бэлэн байгаагаа илэрхийлье” гэв.

Энэ үеэр хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан сургалттай холбоотой асуудалд эхний амлалт болоод алхамыг хийх боломж байгааг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон дуулгалаа. Тодруулбал, Монгол Улс болоод Герман улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй менежер сургалтын хөтөлбөрт 3-4 хүнийг ирэх 5,  6 сард эхлэх 14 хоногийн сургалтад хамруулах боломжийг “ашиглаарай” хэмээсэн юм.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, “Оюутолгой” компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулан албан ёсоор хамтын ажиллагаа эхэллээ.