“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриа дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн гурав дахь жилдээ дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-нд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “ТРИГТЕК” компанийн гүйцэтгэх захирал Г.Цолмонтой ярилцлаа.
“Тригтек” компани ямар чиглэлээр, аль улсад үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
Манай компани геологи, уул уурхайн инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн, 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай зөвлөх үйлчилгээний компани. Манай төв оффис Улаанбаатар хотод байрладаг. Мөн бид БНХАУ-ын Шандун мужийн Жинань, АНУ-ын Колорадо мужийн Денвер хотуудад тус тус төлөөлөгчийн газартай. Одоогоор Киргизстан улсад салбараа нээхээр ажиллаж байна. Ойрын хоёр жилдээ Төв Азийн орнуудад үйл ажиллагаагаа өргөтгөх, ялангуяа Хятадын том зах зээлд нэвтрэх төлөвлөгөөтэй байна.
Уул уурхайн салбар, тэр дундаа геологи хайгуулын талбарт мэргэжлийн баг ажилладаг гэсэн. Ямар үйлчилгээгээ онцлох вэ. Юугаараа давуу талтай вэ?
Манай компанийн хамгийн чухал хэсэг бол мэргэжлийн хамт олон. Бид Монгол, АНУ, Хятад, Солонгос, Орос, Япон, Унгар, Их Британи зэрэг улсуудад мэргэжлээрээ сурч төгссөн, ажлын туршлагатай мэргэжилтнүүд, зөвлөхийн багтай. Онцлог гэвэл зардал хэмнэх, үр ашиг нэмэгдүүлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт дээр тулгуурласан бүтээгдэхүүн, шийдлүүдийг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг. Үүнээс гадна тогтмол тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх боломжтой байдгаараа давуу талтай. Зарим нэг бүтээгдэхүүнүүд маань хэдий олон улсад танигдаагүй ч бид өөрсдийн мэдлэг, туршлага дээр үндэслэн ирээдүйг тоссон шийдлүүдийг нэвтрүүлдэг. Тухайлбал, “Имаго” гэх бүтээгдэхүүнийг зах зээлд дөнгөж танигдаж эхэлж байхад үеэс нэвтрүүлсэн. Хэрэглэгчид үр шимийг нь хүртэж байгаагаа бидэнд хэлдэг.
“Бүтээн байгуулалт 2023” үзэсгэлэнгийн ач холбогдол, цар хүрээг хэрхэн харж байна. Тус үзэсгэлэнд оролцох шалтгаан юу вэ?
“Build Mongolia 2023”-д барилга, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч гээд дөрвөн том салбарын техник технологиудыг танилцуулах гэж байгаа. Тиймээс өгөөжтэй, харилцан туршлага мэдлэгээ хуваалцсан, өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа болно гэж итгэж байна. Манай компани ч мөн адил дэлхийн тэргүүлэх технологит суурилсан программ хангамж, бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр төлөөлөн танилцуулна. Тэр утгаараа энэ үзэсгэлэнд уул уурхай төдийгүй барилга, дэд бүтцийн салбарт ч хэрэглэгдэх боломжтой сонгомол бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлэх юм.
Энэ жилийн үзэсгэлэнд юу танилцуулж, ямар үйлчилгээ санал болгох вэ?
Австралийн “Emesent” компанийн дэвшилтэт “3D Lidar” технологийн “Hovermap” сканнер төхөөрөмжийг танилцуулна. “Hovermap” нь хамгийн сүүлийн үеийн “SLAM, LIDAR” технологийг ашиглан хүрэх боломжгүй GPS, Wifi сүлжээ хязгаарлагдмал газруудын зураглалыг аюулгүйгээр маш хялбар замаар хурдан хугацаанд сканнердан өндөр нарийвчлалтай гурван хэмжээст өгөгдлийг бэлддэг. Энэхүү сканнердсан гурван хэмжээст өгөгдөл нь уул уурхай төдийгүй бүхий л инженерчлэлийн салбарт үнэ цэнтэй, үнэн зөв мэдээллийн суурь болж цаг алдалгүй шийдвэр гаргах, өмнө байгаагүй бүтээмжийг бий болгох, аюулгүй ажиллагааг дэмждэгээрээ тун онцлог юм.
Мөн бид Шинэ Зеланд улсын “Seequent limited” компанийн иргэний болон үйлдвэрлэлийн барилга байгууламжийн салшгүй хэсэг болох суурийн байгууламжийн инженер геологийн тооцоолол, загварчлал ба зам, туннел, далангийн байгууламжуудын инженерчлэлийн тооцооллын цогц шийдлүүд болох “Leapfrog WORKS, CENTRAL, GeoStudio, Plaxis” болон уул уурхайн боловсруулалт, зураг төсөл, тооцооллын бүтээгдэхүүнүүдийг танилцуулна. Мөн тэдгээртэй холбоотой сургалт, зөвлөх үйлчилгээг санал болгож байна. Манай компанийн бүүтээр зочилсноор бидний санал болгож буй орчин үеийн технологиуд, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.