Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно

А.Халиун

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын 32 охин компанийн долоог нь татан буулгана.

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсны дагуу тус компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв.

Сайд Д.Амарбаясгалан болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар “Эрдэнэс Монгол” ХХК-д өчигдөр ажиллажээ.

2007 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлсэн. Энэ шинэчлэлээр өөрийн харьяаны 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэрт шилжүүлэх юм байна.

Дүрмийн шинэчлэлээр “Эрдэнэс Монгол” ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 51 хувь нь төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар болсон.

Хараат бус, мэргэжлийн, чадавхтай боловсон хүчнээр ТУЗ бүрдэх боломж нээгдэв. Улс төрөөс хамааралтай шийдвэр гаргадаг бус мэргэжлийн баг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-д орж ажилладаг болно гэдгийг компанийн удирдлагууд тодотгов.

Засгийн газраас төрийн өмчит компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газар зэрэг төрийн мэдлийн компаниудын ашигт ажиллагаанаас хамаарч цаашид үйл ажиллагаа явуулах эсэх нь шийдэгдэнэ.

Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяаны охин компаниудын долоог нь татан буулгана. Мөн ТУЗ-ийн 270 гишүүний тоог 27 хүртэл бууруулах чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн гэж ЗГХЭГ-ын дарга  мэдэгдлээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр тус компанийн нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад охин компани нь ТУЗ-гүй болж байна. ТУЗ нь жилд хоёр тэрбум төгрөгийн зардалтай байдаг бол гишүүдийн тоог цөөлж, цалинг цагаар тооцох системийг хэрэгжүүлснээр зардал нь 500 сая төгрөг болж буурах юм байна.