Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

БОНЗ тогтвортой, хариуцлагатай уул уурхайг бүтээлцэнэ

Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) бол хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн төслийн тогтвортой байдлыг үнэлэх шинэ арга юм. Аливаа компанийн санхүү ба БОНЗ-ын хоорон дахь үзүүлэлтүүдийн уялдаа холбоо нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг төдийгүй хөрөнгө, санхүүжилт босгоход голлох хүчин зүйл болдог.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 (АМЕП 2)-ын зүгээс PwC Монгол компанитай хамтран "Олборлох үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил ба Байгаль Орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)" хурал болон сургалтыг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний үеэр эрдэс баялгийн салбарын компаниудад зориулан БОНЗ-ын ач холбогдол, хууль эрх зүйн орчин болон сайн дурын санаачилга, тайлагнах үйл явц зэрэг сэдвүүдийг хэлэлцэнэ. Мөн Казакстан, Перу улсаас хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд олон улсын сайн туршлагаас хуваалцаж, танилцуулах юм.

АМЕП 2 хөтөлбөрийн зүгээс “Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын шаардлагуудыг хангах сайн дурын үйл явцын түргэвчилсэн үнэлгээ”-г танилцуулж, “Олборлох үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан БОНЗын арга зүй” сэдвээр сонгогдсон 20 компанийн төлөөлөлд сургалт явуулна. АМЕП 2 хөтөлбөр нь “Байгаль орчин, Нийгмийн сайн сайхан, Засаглал, Хариуцлагатай санхүүжилтын талаарх Монголын уул уурхайн компаниудын ойлголтыг нэмэгдүүлэх” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл нь үндэсний болон олон улсын уул уурхайн компаниуд, санхүүжүүлэгч болон шийдвэр гаргагчдад БОНЗ хэмээх ухагдахууны талаарх ач холбогдлыг таниулах, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. БОНЗ-ын ойлголтыг нэмэгдүүлснээр стандарт сайжирч, Монголын уул уурхайн салбарт итгэх итгэл нэмэгдэж, урт хугацаандаа хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм. Дээрх зорилгодоо хүрэхийн тулд хөтөлбөрийн зүгээс ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх хурал, сургалт зохион байгуулах, шилдэг туршлагуудыг хуваалцах, Монгол дахь одоогийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн үнэлгээ хийх, улмаар компаниудын хэрэгцээ шаардлагад нийцсэн арга зүй боловсруулах зэрэг үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.

АМЕП 2 нь Монгол Улс болон Австрали Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр бөгөөд Монгол Улсын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах үндсэн зорилготой. Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яам (Австралийн Тусламжийн Хөтөлбөр)-ны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл олон улсын зөвлөх компани гүйцэтгэж буй энэхүү хөтөлбөрийн нэгдүгээр үе 2015-2018 онд, хоёрдугаар үе 2019-2024 онд тус тус хэрэгжиж байна.

Хэзээ: 4 дүгээр сарын 11-ний Мягмар гариг

Хаана: Diamond Hall, Blue Sky Hotel