Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөцтэй

Д.Оюун

“Газрын ховор элементийн судалгаа-Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Өнөөдрийн хуралд 20 орчим байгууллагын 90 гаруй оролцогчид танхимаар, 50 орчим хүн цахимаар оролцож байгаа аж. Мөн тус хуралд 13 илтгэлийг төрийн бодлого, хэрэгжилт, геологи боловсруулалт, баяжуулалт газрын ховор элементийн судалгаа гэсэн гурван үндсэн салбарт хуваан хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт дэлхий нийтэд чухалд тооцогдон, ирээдүйн өндөр хөгжлийн технологийн гол түүхий эд болж буй газрын ховор элементийн талаар эрдэмтэд, судлаачид болон салбарын бизнесийн төлөөлөл оролцсон. Газрын ховор элементийн асуудлыг “Эрдэнэс Монгол” компани хариуцаж буй. “Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тогтоол гаргаж тус нэгдэлд даалгасан” хэмээн Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн хэллээ. “Эрдэнэс Монгол" нэгдлийн Ховор металл, элементийн Ажлын хэсгийг ахлан ажиллаж буй тэрбээр, “Газрын ховор элементийн талаар авч хэрэгжүүлэх дараагийн 15 жилийн үндсэн чиглэлийг боловсруулж, тав таван жилээр төлөвлөн хэрэгжүүлэх чиглэлтэй ажиллаж, ажлаа судалгаанаас эхэлж байгаа” гэсэн юм.

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ” хэмээн заасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрий хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баягийн нөөцийг арвижуулна” хэмээн тусгасан.

Газрын ховор элементийн хувьд өнөөдөр хувийн хэвшилд тулгуурлан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгон цаашдын боловсруулалтад хүргэхээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тонны нөөцтэй, зургаан орд илрүүлсний дөрөв нь том орд хэмээн эрдэмтэд онцолж байлаа. Тодруулбал, Улаандөлийн орд 124.78 тонн, Халзанбүргэдтэйн орд 1.5 сая тонн, Мушгиа худаг 365.1 мянга, Хотгор 1.2 сая тонны нөөцтэй бол Цагаан чулуут 274.55 тонн, Лугийн гол 14.5 мянган тонны нөөцтэй орд юм байна.

Эдгээр ордыг бүрэн ашиглаж цааш боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай байгааг УУХҮЯ-ны Геологийн бодлогын газры дарга, доктор Б.Уянга хэлсэн. Тэрбээр “Газрын ховор элементийг тусад нь бус лит, зэс зэрэг бусад эрдэс баялгийн хамт өндөр технологийн түүхий эд гэдэг агуулгаар цогцоор нь авч үзэн хайгуул, боловсруулалтад анхааран, ашиглалтыг дэмжин хөгжүүлэх хэрэгтэй” онцоллоо. 

Хэдийгээр орц, хэмжээ нь бага ч ирээдүйд эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх боломжтой эрдэсийн түүхий эд гэдгийг доктор Ц.Даваадорж онцолж байлаа. Газрын ховор элемент гэдэг нь физик, химийн шинж чанараар хоорондоо төстэй, ялгахад төвөгтэй, бүлгийн нийт 17 ховор элементээс бүрддэг, онц чухал ач холбогдолтой эрдэст ордог бөгөөд хөнгөн, хүнд гэж ангилдаг элементүүдийг хэлдэг байна. Манай улсад илрүүлээд буй ордууд дээрх хоёр ангилалын аль алинд нь ордог аж.