Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Геополитикийн тодорхойгүй байдал, хориг арга хэмжээнүүд цөмийн түлшний “урсгал”-ыг өөрчилж байна

Ч.Сансар

Украинд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас Европын холбоо удаа дараа хориг арга хэмжээ авч, Оросын түүхий нефть, боловсруулсан бүтээгдэхүүн, байгалийн хийгээс татгалзаж эхэлсэн. Гэхдээ Оросын цөмийн салбарын хамаарлаас гарахад тийм ч амаргүй байна.
 
ОХУ төрийн өмчит цөмийн эрчим хүчний компани “Росатом”-оор дамжуулан дэлхийн цөмийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд ноёрхдог. Орос улс Европын цахилгаан станцуудад баяжуулсан уран нийлүүлдэг томоохон нийлүүлэгчдийн нэг юм. Гэвч ирээдүйд Казахстан ураны гол нийлүүлэгч болох шинж тэмдэг илэрч байна.

Европын орнууд цацраг идэвхт бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр Оростой хамтран ажиллахаас татгалзсанаар эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаагийн улмаас Казахстаны төрийн өмчит уран олборлогч “Казатомпром” олборлолтын нөөцөө нэмэгдүүлэхээр бэлтгэж байна гэж Bloomberg мэдээлэв.

"Казатомпром"-ын Гүйцэтгэх захирал Ержан Муканов хэлэхдээ, “Геополитикийн тодорхойгүй байдал, хориг арга хэмжээнүүд цөмийн түлшний урсгалыг өөрчилж, зарим эрчим хүч үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө бүрдүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Зүүн Европын цөмийн станцууд 2025 оноос хойш Казахстантай гэрээ байгуулахыг эрмэлзэж, Оростой хамтран ажиллахаа зогсоож байна” гэжээ.

Цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, шаардлагатай цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа тул ураны эрэлт хэрэгцээ өсөх төлөвтэй байна.

Цөмийн цахилгаан станцуудад зориулж баяжуулсан ураныг Оросоос худалдаж авахаас өөр сонголт  дэлхийн улс орнуудад олон жил байгаагүй. Украинд довтолсон цагаас хойш Европын орнууд болон АНУ Оросын цөмийн эрчим хүчний нөөцийн хамаарлаа багасгахыг оролдож байна.

2022 онд Ерөнхийлөгч Байден Инфляцийг бууруулах тухай хуульд гарын үсэг зурж, цөмийн энерги ашиглах замаар эрчим хүчнээс ялгарах нүүрстөрөгчийг тэглэх боломж олгосон билээ. Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын ураны олборлолт, боловсруулалт зэргийг нэмэгдүүлж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байгаа юм.

Барууны орнууд баяжуулсан ураны эх үүсвэрээ төрөлжүүлэх болсноор дэлхийн ураны зах зээлд Оросын ноёрхол суларч магадгүй юм. Цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, шаардлагатай цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа тул ураны эрэлт хэрэгцээ өсөх төлөвтэй байна.

Эх үүсвэр:  oilprice.com