Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ын шинэчлэл

The Mongolian Mining Journal /Apr.2023/

Д.Оюунчимэг

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 компанийг өөртөө нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” компани 2007 онд үүсэн байгуулагдсан.

Байгалийн баялгийн менежментийг төрийн нэрийн өмнөөс удирдах тус компани засаглал, бизнесийн зарчим алдагдсан, өр төлбөрийн авлага, өглөг ихтэй, бүтэц, зохион байгуулалт нь оновчгүй, эхлүүлсэн төслүүд нь амжилт олдоггүй хэмээн муу нэр “зүүгээд” чамгүй хугацааг өнгөрүүлжээ.

Компанийн үйл ажиллагаа эхлээд 15 жил өнгөрсөн боловч энэ хугацаанд есөн удаа удирдлагаа сольж, компанийн дүрэмдээ хоёр удаа шинэчлэл хийсэн байна. Гэхдээ олон “охин”-той тус компанид ахиц дэвшил харагддаггүй, өрийн сүлжээнд хэлхэгдсэн “амьгүй албат” мэт байсан нь хэн бүхэнд ил. Харин “Компанийн болон тоглоомын дүрэм тодорхой болсноор бизнесийн үйл ажиллагаанд Засгийн газар хутгалдахгүй. Улс төрийн шийдвэрээр бус бизнесийн зарчмаар ажиллах дархлаа, хамгаалалт бий болж байна” хэмээн одоогийн шинэ удирдлага Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн гишүүдтэй уулзах үеэр ярьсан юм.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” нэгдэл гурван ТУЗ-тэй байна

Орон нутгийн болоод төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүд аль нэг хамаарал бүхий яамны мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга зэргээс бүрдэхийн сацуу хараат бус гишүүнийг Сонгон шалгаруулалтаар томилдог. Гэхдээ сонгон шалгаруулалт шударга бус байна гэх шүүмжлэл байнга л дагана. Тэр ч бүү хэл тухайн компанийн ТУЗ нэр төдий ажилладаг нь ч олонд ил харагддаг. Тэгвэл энэ удаад “Эрдэнэс Монгол” дээрх хэвшмэл байдлыг хална гэдгээ хэллээ. Тухайлбал, ТУЗ-ийн гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан компанийн шинэ дүрмээр зарчмын тодорхой өөрчлөлт орсныг С.Наранцогт захирал онцоллоо. “Дүрмийн дагуу компанийн ТУЗ-ийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар тогтсон. Ингэснээр улс төрөөс хамааралтай шийдвэр гаргадаг байдал өөрчлөгдөж, бизнесийн зарчим үйлчилнэ” гэв.

Энэ өөрчлөлтийн саналыг оруулахдаа төрийн төлөөллийг 49 хувьд байлгах санал оруулсан ч “эзэн нь юмаа мэддэг” зарчим алдагдана хэмээн төр үзсэн гэнэ лээ.

Нөгөөтэйгүүр, “Эрдэнэс Монгол”-оос гадна нүүрс болон зэсийн групп ТУЗ-тэй, бусад нь ТУЗ-гүй ажиллахаар болсон аж. Бүр тодруулбал, нэгдлийн хэмжээнд үндсэндээ гурван ТУЗ байх юм байна. Тэгэхээр нийт 270 ТУЗ-ийн гишүүний тоог 27 болгож цөөлөх Ерөнхий сайдын чиглэлийн дагуу дээрх шийдвэрүүд хэрэгжиж байгаа хэмээн С.Наранцогт хэллээ. Үндсэндээ ТУЗ-ийн 243 гишүүнийг эргүүлэн татсанаар жилдээ хоёр тэрбумаар хэмжигддэг зардал 500 сая төгрөг болж буурна гэдгийг уулзалтын үеэр танилцуулсан юм.

Өөрөөр хэлбэл, мэргэшсэн ТУЗ бүрдүүлж ажиллах нь тэдний зорилгын нэг хэсэг. Тэгэхээр одоогийн ажиллах ТУЗ[1]ийн хараат бус гишүүд бизнесийн өндөр мэдлэг чадвартай, стратеги, төлөвлөлт боловсруулах туршлагатай байх агаад бодитойгоор хараат бус шийдвэр гаргаж, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх чадвартай байна гэдгийг компанийн дүрмийн шинэчлэлдээ тусгажээ. Энэ нь компанийн өсөлт, хөгжилтөд дорвитой нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. Өнгөрсөн оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлсэн “Эрдэнэс Монгол” нэгдэлд улс төрөөс хамааралгүй, мэргэжлийн баг ажилладаг болно гэдгийг компанийн удирдлагууд ярьж байна.

Зургаан “ОХИН” компани, төслийн нэг нэгжийг татан буулгана

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийг төлөөлж буй “Эрдэнэс Монгол” компани үр ашиггүй охин болон хараат компаниа татан буулгана. Тус нэгдлийн хэмжээнд үр ашиггүй, үйл ажиллагаа нь зогссон зургаан компани, нэг төслийн нэгж байна хэмээн С.Наранцогт захирал эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээллээ.

Нэгдлийн хэмжээнд үр ашиггүй төслүүд, санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй, төслийн хугацаа сунжирч, үргүй зардал гаргасан гээд олон зөрчил байсныг “Эрдэнэс Монгол”-ын шинэ удирдлага нуусангүй.

Нийт 59 төсөл байгаагаас үр ашиггүй, чиг үүрэг нь давхардсан зэргийг харгалзан татан буулгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор “Шивээ Энержи” төслийг татан буулгах шийдэлд хүрсэн бол “Эрдэнэс силвер ресурс” дараагийнх байх магадлалтайг эх сурвалж хэллээ. Хүрэн нүүрс түшиглэн цахилгаан эрчим хүч экспортлох “Шивээ Энержи” төсөлд 13 тэрбум ам.доллар шаардлагатай гэж байсан юм.

Ийнхүү татан буулгах шийдвэр гаргахаас аргагүй байдалд хүрсэн шалтгаан нь 5280 МВт Дулааны цахилгаан станцыг бүтээн байгуулах зорилготой “Шивээ-Овоо энержи” цогцолбор төсөл зогссон. Төслийн нэгжийн үндсэн зорилго биелэх боломжгүй болсон. Гэтэл үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн үргэлжлүүлж байсныг зогсоож, тус төслийн нэгжийг холбогдох хууль, журмын дагуу татан буулгаж байгаа аж.

Мөн “Эрдэнэс газ” төслийн нэгжийн удирдлагын зарим чиг үүрэг давхардсаныг төслийн нэгжийн бүтцийг шинэчилж, дав[1]хардлыг арилган, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж буй.

Геологи хайгуулын ажлыг эрчимжүүлнэ

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд эрэл хайгуулын ажил хоцорсоноос нөөц багасч, хомсдолд орсон. “Эрдэнэс Тавантолгой” ордын өндөр агуулгатай хэсгийг сорчилж олборлосон зэрэг асуудал бий. Тиймээс цаашид сорчлох тусам тухайн уурхайн насжилт багасна.

Одоогийн группийн зохион байгуулалт

 

Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаа

Үр ашиггүй охин, хараат компани болон зарим шаардлагагүй ТУЗ-ийг татан буулгах

“Эрдэнэс Монгол” нэгдлийн эдийн засагт үзүүлэх нөлөө-2022

Нөөц баялгаа бүрэн ашиглах боломжгүй болно гэдгийг салбарынхан андахгүй. Энэ нь баялгийн үр ашиг, өгөөжийг бууруулна.

Эрдэнэс Тавантолгой” нь сорчлон олборлолтын тод жишээ. Баруун Цанхийн 3, 4 дүгээр давхаргын нүүрсний нөөц 800 сая. Үүний 100 саяыг нь олборлоод зарчихсан. Одоо хийгдсэн гэрээ нь 100 сая. Цаана нь 600 сая үлдэж байна” хэмээн тэрбээр ярив. Сорчлон олборлолт “Эрдэнэс Тавантолгой”- гоор зогсохгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон “Эрдэнэс Силвер” дээр ч гарч буй ажээ.

Тус нэгдлийн хэмжээнд нийт 84 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 63 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулынх аж. Цаашид компани хайгуулд хөрөнгө зарцуулах, шинэ орд илрүүлэх, баялгийн нөөцөө нэмэгдүүлж, геологи, хайгуулын судалгааны ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Давуу эрхийн хувьцааг нэмэгдүүлнэ

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаатай. Гэхдээ зарим нь тал хагасыг, зарим нь бүтнээр нь Засгийн газарт арилжаалаад тухайн цаг үеийнхээ хэрэгцээг хангачихсан. “Эрдэнэс Монгол” тус компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцаа эзэмшдэг. Энэ нь саналын эрхгүй бөгөөд хувьцааг худалдах, шилжүүлэх, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлах боломжгүй. Харин ногдол ашиг тараавал авах эрхтэй.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ үеэр тус компанийн давуу эрхийн хувьцааны тоог хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдлээ хэмээн мэдээлж байв. Тэгвэл ирэх жилээс давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох боломж бүрдэж байгаа талаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцуулгынхаа үеэр хэллээ.

Түрээсийн байрнаас “ЭЛИТ” рүү

“Элит” гэхээр тансаглана гэж ойлгож болохгүй. Учир нь Төрийн ордны зоогийн газар, хоолоор үйлчлэх, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулах ажил үүргийг гүйцэтгэдэг “Элит” төвийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31- нээр тасалбар болгон Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд татан буулгасан юм. Тиймээс нийслэлийн төвд байрлах тус байранд жилдээ 1.2 тэрбумыг офиссын түрээсийн төлбөрт төлдөг “Эрдэнэс Монгол”-ыг оруулахаар болсон аж. Энэ нь компанийн алдагдлын нэг шалтгаан бөгөөд муугаар хэлвэл өөрийн гэсэн “орох орон” барих хэмжээний мөнгийг түрээсэнд төлчихсөн гэсэн үг.

Үүнийг тус компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт үгүйсгэсэнгүй. Харин тэрбээр “Засгийн газраас хуваарилсан “Элит төв”-д инженер, дэд бүтцийн засвар хийж, нүүх бэлтгэлээ хангаж байна. Засварын ажилд компани нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн” хэмээсэн юм.

Ямартай ч “Эрдэнэс Монгол” бүтэц, зохион байгуулалт, засаглал, дүрэм болоод санхүүгийн хүрээнд өөрчлөлт, шинэчлэл хийгээд эхэлсэн аж. Харин үр дүнд хүрэх, улс төрийн шахалтыг давах эсэхийг цаг хугацаа харуулна. Байгалийн баялгийнхаа үр шимийг ард түмэн хүртэх өдөр хоног ойрхон байгаасай.