The Mongolian Mining Journal /Apr.2023/
Ц.Элбэгсайхан
Герман улс критикал эрдэс баялгийн нөөц ихтэй Чили, Индонез, Намиб зэрэг улсад өөрсдийн боловсруулах үйлдвэртэй болж, Хятадын хамаарлыг бууруулахад тусална хэмээн тус улсын Канцлер Олаф Шульц саяхан мэдэгдсэн. “Хэрэв түүхий эд байгаа тэр газруудад нь боловсруулах олон үйлдвэр байгуулж чадвал тухайн бүс нутагт ихээхэн үр өгөөж өгөхөөс гадна ирээдүйд зөвхөн нэг нийлүүлэгчтэй байхаа больж даатгагдана гэсэн үг” хэмээн тэрбээр ярьжээ.
Гэвч түүний үгэнд “Монгол” гэж дурдагдсангүй. Нэг талаас харвал дээрх улсууд далайд гарцтай гэдгээрээ газар зүйн байрлалын хувьд Монголоос давуу боловч төв Азийн ард түмэнд боломж хаалттай гэсэн үг биш.
Критикал буюу стратегийн гэж монгол хэлэнд хөрвүүлж болох чухал эрдэс баялагт газрын ховор элементийг гол төлөв авч үздэг. Мөн лити, кобальт, зэсийг Критикал гэж үзэх нь бий. Эдгээр нь ирээдүйд дэлхий ертөнцийн хамгийн эрэлттэй түүхий эд. Компьютер, ухаалаг төхөөрөмжүүдээс эхлээд сүүлийн үеийн гол тренд болоод байгаа цахилгаан тээврийн хэрэгслүүд, сэргээгдэх эрчим хүчний технологи, цаашлаад сансрын технологи, зэвсэгт хүчний инновацийн бүтээлүүдийн хамгийн чухал орцуудыг нэгтгэсэн 17 эрдэс бодисыг үүнд хамруулж ойлгодог. Энгийнээр хэлбэл Tesla, SpaceX, Starlink, Neuralink гээд Илон Маскийн бүхий л бизнес, цаашлаад Apple, Google, Microsoft, сүүлийн үед хурдтай хүчтэй гарч ирж буй OpenAi тэргүүтэй хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид гээд АНУ-ын ирээдүйтэй томоохон компаниудын оршин тогтнох баталгаа гэж болно.
Дэлхийн худалдааны дайн дэгдсэнээс хойш газрын ховор элемент нь олон улсын геополитикийн хувьд анхаарлын төвд орж ирсэн. Учир нь дэлхий нийтэд боловсруулсан газрын ховор элементийн 80 гаруй хувийг зөвхөн БНХАУ нийлүүлж байна.
Хятад-АНУ, Хятад-Австрали, Хятад-Тайванийн зөрчилдөөний ард байгаа олон асуудлын нэг нь энэхүү критикал эрдэс мөн. Тухайлбал, Хятадын технологийн компаниуд дэлхийд амжилт олж, АНУ-ын томоохон компаниудтай зах зээл булаацалдах болсон. Энэ хурдтай өсөлтийг бий болгож байгаа гол түлхүүр нь өнөөх пуужингийн үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, компьютерийн тооцоололд ашиглагддаг хагас дамжуулагч. Өндөр хүчин чадалтай, супер компьютеруудад ашиглахуйц, үзүүлэлт сайн хагас дамжуулагч үйлдвэрлэдэг цөөн хэдэн үйлдвэрийн нэг нь Тайваньд бий. Харин критикал түүхий эдүүдийн нийлүүлэлтийн дэлхийн сувгууд худалдааны дайн, цар тахалд нэрвэгдсэн сүүлийн жилүүдэд их гүрнүүд нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрүүдийн эрэлд гарч идэвхтэй хайх болсноор Австрали, Чили, Бразил, Канад зэрэг улс орон энэ талбарт гол тоглогч болох өрсөлдөөнд татагдан ороод байна.
Их бага гэлтгүй бүхий л улс орон энэ боломжийг ашиглахыг эрмэлзэж буй. Бага буурай орнуудын дотроос ямар ч байсан Чили, Индонез, Намиб илүү “овсгоотой” байснаар германчуудаас дэмжлэг авах гарцаа нээжээ. Германы адил өөртөө боломж нээхээр эрэл хайгуул хийж байгаа чинээлэг улсууд бас бий.
Өнгөрсөн гуравдугаар сард Их Британийн Гадаад хэргийн сайд Жэймс Клеверли Казахстанд айлчлах үеэрээ тус улсаас газрын ховор элемент нийлүүлэх санамж бичиг байгуулж, Оросыг алгасан экспорт хийхэд нь тусламж үзүүлнэ гэж амлажээ. Ингэснээр Турк, Гүржийн нутаг дэвсгэрээр дамжуулан Каспийн тэнгисээр экспортлох аж. Казахстаны хувьд хэдийнэ энэ замаар газрын тос экспортлоод эхэлсэн байна.
Клеверлигийн хэлснээр Астана нь Москватай ойр байршилтай тул Украины асуудлаар газар зүйн хувьд Лондонд ихээхэн ач холбогдолтой гэжээ. Мөн тус улс Украинд явуулж буй Оросын цэргийн үйл ажиллагааг дэмжихээс татгалзсан улс юм.
Төв Азид нутагтай, далайд гарцгүй хөрш нэгэн нүүдэлчдэд ийм боломж олдсон бол Монголын тухайд юу гэх вэ… Монгол Улсын хувьд Оросыг тойрон Каспийн тэнгист хүрэх зам байхгүй. Гэхдээ нэг сайн мэдээ нь одоогоор Зүүн хойд Азийн зах зээл Хятадтай муудчихаагүй байна. Харилцаа нь төдий л найрсаг биш ч муутгах нь хэн хэнд нь ашиггүй. Ялангуяа өнөөгийн нөхцөлд.
Хятадын батарей үйлдвэрлэгч, дахин боловсруулагч GEM Co Ltd Өмнөд Солонгост SK On болон ECOPRO Materials -тай хамтарсан үйлдвэр байгуулахаар болсноо мөн өнгөрсөн сард зарласан. Хамтарсан үйлдвэр нь 932 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардах бөгөөд 43 мянган тонн никель батарей үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Энэхүү үйлдвэрийн зорилго нь АНУ-ын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангахад чиглэж байна гэжээ.
БНСУ, Япон ч мөн адил хагас дамжуулагчийн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх эрмэлзлэл бий. Үгүй дээ гэхэд ногоон хөгжлийг даган ирээдүйг бий болгож байгаа стратегийн бизнесээс ахиухан орлого олохыг хүсэж буй нь лав. Тэдэнд боломж нь ч бий. Товчхондоо бол Монгол Улсаас зүүн тийш экспортын гарц харьцангуй нээлттэй байна. Том сэтгэж, хөдөлж чадвал Монголын лити АНУ-д ч хүрэхийг үгүйсгэхгүй.
Монголчууд хэрэв зөвөөр ашиглаж чадвал, аз болоход газрын ховор элементийн олборлолт боловсруулалтын чиглэлээр дэлхийн тэргүүлэх туршлага яг дэргэд нь байна. Худалдааны дайнаас өмнөх үед АНУ-д олборлосон критикал түүхий эдүүд бараг бүхэлдээ Номхон далайгаар тээвэрлэгдэн Хятадын үйлдвэрүүдэд боловсруулан буцаад Хойд Америкийн баруун эргийг зорьдог байв. Энэ байдал одоо ч хэвээрээ. Тэр үйлдвэрүүдэд хүдрийн баяжмал хүргэж чадвал эхний ээлжинд амжилт юм.
Гэхдээ өрсөлдөөн ширүүсч байна. Ховор элемент гэж нэрлэж буй ч дэлхий даяар маш өргөн тархацтай эрдэсүүд юм. Австралийн RMIT их сургуулийн тооцоолсноор дэлхий даяар 325 ордын 16.2 сая тонн газрын ховор элемент ашиглаагүй байгаа аж. Энэ нь дэлхий нийтийн өнөөгийн хэрэглээгээр 70 орчим жилийн нөөц.
Энэ асуудлаар Австралид яг одоо халуун хэлэлцүүлэг өрнөж байна. Тэд дэлхийн аль ч улс оронтой харьцуулшгүй их хөрөнгө оруулалтыг Критикал түүхий эдийн олборлолт хийхээр татаад байгаа боловч төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдээ баталж амжаагүй байгаа нь нэлээд олон төслийг урагшлахад нь тушаа болж байгаа аж. “Яаралтай бодлогоо гаргаж батлахгүй бол бидний байр суурийг өөр нэгэн нь эзлэх болно” хэмээн pilbara Minerals-ийн Гүйцэтгэх захирал Дэйл Хендерсон ярьжээ.
Түүнчлэн сүүлийн үед үүсээд байгаа шинэ тренд нь ашиглалт дууссан уурхайн хаягдлаас газрын ховор элементийг олборлох үйл явц юм. Өмнө нь эдийн засгийн ашиггүй байсан хаягдал өнөөдөр эргэлтэд орох боломж бүрджээ. Нөгөө талаас хуучин уурхайг дахин ашиглах нь шинээр орд илрүүлж, ашиглахаас хурдан бөгөөд зардал багатай юм.