Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсэг “Орано групп”-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

“Орано майнинг” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Оливиер Түмирээр ахлуулсан төлөөлөгчидтэй Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг уулзлаа.

“Орано групп”-ийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээний эхний загварыг :

  • Хөрөнгө оруулалтын тодорхойлолт, хамгаалалт
  • Эдийн засгийн орчны тогтвортой байдал
  • Байгаль орчны хамгаалал ба бүс нутгийн хөгжил
  • Санхүүгийн менежмент
  • Хуулийн нэр томьёо ба нөхцөл

гэсэн таван үндсэн бүлэгтэй байхаар төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар талууд харилцан ашигтай байх зарчим баримтлан монгол ажилчдыг мэргэшүүлэх, уурхай ажиллаж явцад ажилчдыг түр кэмпэд байрлуулах биш тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжиж орон сууц бүхий суурьшлын бүс байгуулж, гэр бүлтэйгээ амьдрах орчин бүдүүлэх, говийн бүсийн экосистемийг алдагдуулалгүй байгаль орчны нөхөн сэргээлтэд онцгой анхаарах заалтуудыг тусган ажиллахаа илэрхийллээ.

Сайншанд, Зүүнбаян, Улаанбадрах зэрэг суурин газрыг түшиглэн монгол ажилчдын амьдрах хотхон, дэд бүтцийг байгуулах боломжтойг ярилцлаа. Хөрөнгө оруулалтын гэрээг 2023 онд үзэглэвэл 2024 онд хөрөнгө оруулалтыг шийдэж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд 2028 оноос ураны үндсэн олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Дэлхийн хүн амын тоо өсөн нэмэгдэж, хэрэглэгчид цахилгаан тээврийн хэрэгсэл рүү шилжихийн зэрэгцээ өсч буй улсуудын эдийн засаг улам бүр тэлж байгаа энэ үед 2050 он гэхэд дэлхийн хүн амд өнөөдрийнхөөс хоёр дахин их цахилгаан эрчим хүч шаардлагатай болно. Үүний сацуу залруулж болшгүй уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд дэлхий нийт CO2 буюу нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тавь хүртэлх хувиар бууруулах шаардлагатай. Хүлэмжийн хийн ялгарлыг их хэмжээгээр бууруулахын тулд шатдаг ашигт малтмалыг (нүүрс, байгалийн хий) шатаахад ялгардаг нүүрстөрөгчөөс цахилгаан үйлдвэрлэл салах ёстой билээ.

Цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгч бага ялгаруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал үүрэгтэй. Уран нь цөмийн эрчим хүчний түүхий эд бөгөөд цөмийн болон сэргээгдэх эрчим хүч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сорилтод нэг нэгнээ харилцан дэмжиж байна. Дээрх эх үүсвэр нь нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний найдвартай эх үүсвэр юм.