Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Ерэн-Өлзий: Шинээр сэргээгдэх эрчим хүчний станц барих техникийн боломж алга

А.Халиун

Нар жаргах болон салхигүй үед сэргээгдэх эрчим хүчний станцын тогтвортой ажиллагааг хангах зорилгоор өөр нэг эх үүсвэр ажиллаж байх ёстой

Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг, хөгжлийн яам гадаад хөрөнгө оруулалтыг хариуцдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой аливаа гомдлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулдаг журамтай болсон. Гадаадад хөрөнгө оруулагч 32 гомдол гаргасны хоёр асуудал нь бүрэн шийдэгдсэн.

“Сэргээгдэх эрчим хүчний станцтай холбоотой 20 гомдлын шийдвэрлэх чиглэлээр Эрчим хүчний сайд гомдол гаргагч талуудыг оролцуулсан Ажлын хэсэг гарган ажиллуулж байна” гэж мэдэгдсэн билээ.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчид яагаад олноороо хохирох болсон талаар Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн Өлзийгөөс тодруулсан юм.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчид олноороо хохирсон шалтгаан юу вэ?

Нар, салхин цахилгаан станц байгуулъя гэсэн 11 компани хүсэлтээ гаргасан. Гэхдээ эдгээр компани хохирсон зүйл байхгүй. ТЭЗҮ-ээ боловсруулсан, хөрөнгө оруулалт хараахан хийгээгүй байна. Техникийн шалтгаанаас болж нэмж сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах боломжгүй байгаа юм.

Эрчим хүч үйлдвэрлэхээс гадна эрчим хүчний системийнхээ хэлбэлзлийг давхар тохируулах ёстой. Хэрэв шинээр сэргээгдэх эрчим хүчний станц барья гэвэл тохируулгын цахилгаан станц шаардлагатай.

Эгийн голын усан цахилгаан станц барья гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрийн мэдлийн тохируулгын эх үүсвэртэй болохыг зорьж буй хэрэг.

Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлаар Оросын талтай нэгдсэн шийдэлд хүрээгүй байна гэж ойлгосон?

Тийм ээ. Бодит нөхцөл байдлыг ойлгохгүй “нар, салхины станц баримаар байна. Та бүхэн гадаадын хөрөнгө оруулалтыг боомиллоо“ гэдэг байдлаар хандаж болохгүй. Энэ нь 10 литрийн сав руу 15 литр ус хий гэж шаардаж байгаатай адил.

Нар жаргах болон салхигүй үед сэргээгдэх эрчим хүчний станцын тогтвортой ажиллагааг хангах зорилгоор өөр нэг эх үүсвэр ажиллаж байх ёстой. Сүлжээнд холбогдсон эрчим хүч хэрэглэгчийн тасралтгүй хэрэглээг хангах учиртай. Үүний тулд эгийн голын усан цахилгаан станцыг барих талаар 2000 оноос эхлэн яригдаж эхэлсэн.

Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг өнгөрсөн өвөл владивостокт болсон дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр оросын талтай уулзалт хийж байсан. нааштай шийд гарсан уу?

энэ талаар би хариулт өгч мэдэхгүй байна. Гадаад харилцааны яам тодорхой байр суурь илэрхийлэх байх.

Манай улс ОХУ-аас эрчим хүчний хараат гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ цаашид энэ байдлаас гарах хэрэгтэй биз дээ.

Монгол улсын төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд хүн ам болон эдийн засаг, эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувь нь төвлөрсөн. Энэ төвийн бүс нүүрсээр ажилладаг хэдэн станцтай. Үүн дээр нар, салхины есөн станцтай.

Hүүрсээр ажилладаг манай станцууд хэрэглээндээ нийцүүлж үйлдвэрлэлээ нэг ихэсгэж, нэг бууруулаад байж чаддаггүй. Энэ нь технологийн хувьд маш хүндрэлтэй, тоног төхөөрөмж эвддэг, тогтмол ажиллаж байх зориулалттай гэсэн үг. Монгол улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ өглөө, оройн цагаар хэрэглээ огцом өсдөг. Шөнийн цагаар бараг байхгүйтэй адил. Тэгэхээр энэ хэрэглээний хэлбэлзэл өсөлтийг хойд хөршөөс авч байгаа импортын шугамаар нөхдөг. Эрчим хүчний хэрэглээг энэ шугамаар тохируулаад өдийг хүрсэн. Одоо хэрэглээ өссөөр энэ шугамын дамжуулах хүчин чадал нь 350 мвт буюу дээд хязгаартаа тулсан. Одоо үүнээс илүү хэрэглээг хангаж дийлэхгүй.

Тэгэхээр дахин хэлбэлздэг сэргээгдэх эрчим хүчнийхээ эх үүсвэрийг нэмэхээр усан болон хийн хурдан тохируулга хийх боломжтой станц барих шаардлага бий. Энэ асуудал техникийн шалтгаанаас үүдэн зогсонги байдалд орсон.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан 11 хөрөнгө оруулагч хохирсон гэх мэдээлэл өгсөн. Ямар шалтгаанаас болж хохирол амссан юм бэ?

Гадаад, дотоодын хэд хэдэн компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаар ТЭЗҮ-ээ боловсруулсан. Зарим нь эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан. дахин хэлэхэд 11 станц хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийсэн зүйл байхгүй. Хуульдаа сэргээгдэх эрчим хүчний тарифыг өндрөөр тогтоож хуульчилсан. тэгэхээр энэ салбарт багагүй ашиг харагддаг байж болох юм. Төсөл хэрэгжүүлэх сонирхлоо дипломат болон Засгийн газрын шугамаар илэрхийлдэг.

Эгийн голын УЦс-аас өөр тохируулгын станц барих шийдэл байгаа юу?

Дотооддоо урсгалтай голууд дээр бага, дунд чадлын усан цахилгаан станцыг аль болох олноор байгуулъя. хийн болон батерей хуримтлуулдаг станц байгуулья гэсэн шийдэлд хүрсэн. Эмээлт дэх “сонгино” дэд станцын хажууд 80 мвт-ын батерей хуримтуулдаг станцын барилга угсралтын ажил эхэлсэн. 2023 оны сүүлчээр ашиглалтад орно.

Одоо ажиллаж буй сэргээгдэх эрчим хүчний есөн станц дотоодын хэрэглээний хэдэн хувийг хангаж байна вэ?

Суурилагдсан хүчин чадлын 15 хувийг эзэлдэг. нийт үйлдвэрлэлийн есөн хувийг бүрдүүлдэг ч хэрэглэгчдээс цуглуулсан салбарын борлуулалтын орлогын 27 хувийг авч байгаа.

Өртөг өндөр байх нь?

Тийм ээ. бусдыг нь эрчим хүч үйлдвэрлэгч төрийн өмчит голдуу компаниудад хуваарилж байна.

Сэргээгдэх эрчим хүчний өртөг яагаад ийм өндөр байна вэ?

сэргээгдэх эрчим хүчний тухай хууль анх 2007 онд батлагдсан. тухайн үед монгол улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт байсангүй. Хөрөнгө оруулалтыг татахын тулд хуульд өндөр тарифыг тусгаж өгсөн. 2019 оноос өндөр тарифаа эргэн харъя, өрсөлдөөний зарчмаар төсөл хэрэгжүүлье. Хэн хамгийн бага үнэ санал болгоно, түүнээс нь нар, салхины эрчим хүчний станцыг шалгаруулъя гэж хуульчилсан. үүнээс өмнө тусгай зөвшөөрлөө авсан газрууд өмнөх шигээ өндөр тарифаар тооцож төслөө хэрэгжүүлнэ гэж шахаад байна.

Тариф нь нарны станц 15 цент, салхиных 9.5 центийн үнэтэй. Энэ нь хэрэглэгчид борлуулж байгаа дундаж үнээс 2-3 дахин өндөр. ашиглалтад байгаа цахилгаан станцын үнээс 4-5 дахин үнэтэй. Гол шалтгаан тарифаа центээр буюу ам.доллараар тогтдог. Төгрөгийн ханш тогтворгүй байнга сулардаг нь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчид валютаар авсан зээлээ төлнө. Тэгэхээр эрчим хүчээ доллараар зарж байгаа юм. Энэ нь эрчим хүчний салбарын санхүү, эдийн засагт хүндрэл учруулдаг.

Тэгвэл ТЭЗҮ-ээ боловсруулсан 11 компанитай ямар хэлэлцээ хийж байгаа бол?

Зөвхөн энэ 11 компани ч биш одоо ажиллаж байгаа есөн компанитайгаа хамтран ярилцаж байна. Төгрөгийн ханшийн уналттай холбоотой салбарт санхүүгийн эрсдэл маш их үүсгэж байна. Үүн дээр ямар гарц шийдэл хийж болох талаар ярилцаж байна.

 

Сэтгэгдэл (1)

  • dr louis (41.190.30.78)
    Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 доллар
    2023 оны 06 сарын 26 | Хариулах