УУРХАЙН ТЭЭВЭРТ ТУЛАХ ЦЭГ АЛГА
З.Цэлмэг
Монголын топ татвар төлөгч уул уурхайн 10 компанийн долоо нь Өмнөговьд бий. тэдгээрээс SGS, “Монголын алт МАК”, “Өсөх Зоос” гэсэн гурван компани баруун бүсэд буюу нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлон Шивээхүрэн боомтоор экспортолж буй. Тэр хэрээр баруун тийш хөл хөдөлгөөн ихтэй байдаг. баруун бүсийн уурхайн ажилчид, ханган нийлүүлэлтийн тээвэр, зам дагуух бусад сум дахь уурхайнуудын нүүрсний тээвэр гээд энэ чиглэлийн замын ачаалал өндөр.
Зам дагуух гэдэгт Ноён сумын нутагт нүүрс олборлож буй Австралийн хөрөнгө оруулалттай “Терра Энержи” компанийн уурхай бий. Тус уурхай нүүрсээ Нарийнсухайтын орд хүртэл 98.4 км шороон замаар тээвэрлэж, түүнээс цааш Шивээхүрэн боомт хүртэл хатуу хучилттай автозамаар экспортод гаргадаг.
харин баруун ноён уул “Терра Энержи” ийн уурхай хүртэлх шороон зам Баяндалай сумын тээгийн гүн гэх газраас 60 орчим км үргэлжилдэг. Үндсэндээ энэ Нарийнсухайтын бүлэг орд хүртэл 150-160 км үргэлжлэх шороон зам нь баруун бүсийн уурхайнуудын тээврийн гол чиглэл юм.
Энэ зам дагуух айлуудын мал ахуй, бэлчээр нутаг нь тээврийн тоосонд сүйдэж буйд ноён сумын малчид халаглаж, улмаар уул уурхайн компани ба иргэд хоорондын үл ойлголцлын шалтгаан болоод удаж байна. “Замын тоосжилт бараг 8-10 км үргэлжилж байж сарнидаг. Ийм агаараар амьсгалсан мал байтугай хүн тэсэх аргагүй. 10 мал гаргахад 3-4 нь уушги, гэдэс дотор нь харласан” байдгийг Ноён Сумын Ганзагад багийн малчин с.адъяа тус суманд зохион байгуулсан амгтг-ын говийн бүсийн төлөөлөгчийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сургалт хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн хэлж буйгаар тус замаар ковидын үед гэхэд өдрийн хагаст 50 орчим тээврийн хэрэгсэл явж байсан бол одоо үүнээс эрс нэмэгдсэн.
Уг нь аймгийн төвөөс Гурвантэс сум хүртэлх 302 км замыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай болгох ажлыг 2012 оноос эхэлсэн. 2022 оны байдлаар 150 гаруй км нь хатуу хучилттай болоод буй. гэхдээ баруун бүсийн уурхайнуудын гол тээвэр энэ замаар биш харин урдуур ноён сумын нутгаар дамжин гурвантэс суманд хүрдэг. Нэг ёсондоо гол замын трассаас урдуур гэсэн үг. гол замын бүтээн байгуулалт энэ эрчээрээ явбал 2030 он гэхэд Гурвантэс хүртэл засмал замаар сүнгэнэдэг болох биз. Сайхан мэдээ.
Харамсалтай нь тэр болтол бэлчээргүй болж буй малчид энэ чигээрээ тэсээд байх нь юу л бол. Энэ үл ойлголцол боомтыг сэргээж, нүүрсний экспортыг 2025 он гэхэд 50 сая тоннд хүргэх Засгийн төлөвлөгөөг “матарлах” вий. говийн хөрс эмзэг, хуурайшилт ихтэй, хур багатай, бэлчээр ч ховор. экологийн ийм эмзэг орчинд том уурхайнуудын тээвэр явагдаж байна.
Экологийн суурь нөхцлөө бодвол бүх тээврийг хатуу хучилттай эсвэл төмөр замаар хийх ёстой. Гэтэл 2017 онд баталсан автозамын тухай хуульд ийм зохицуулалт байдаггүй. Тус хуулиар уул уурхайн компаниуд ЗТХЯ-тай гэрээ байгуулж, тусгай зориулалтын автозамаар тээврээ хийдэг. тусгай зориулалтын зам нь хатуу хучилттай, сайжруулсан шороон гээд ямар ч байж болно. энэ дагуу “Терра Энержи” ХХК 20 гаруй сая ам.доллараар 98 км-ийн сайжруулсан шороон зам барьж, 2014 оноос экспортын тээврээ хийж эхэлсэн. ЗТХЯ-тай байгуулсан гэрээний дагуу 2019 оны зургаадугаар сар хүртэл тээвэр хийхээр болсон аж.
Тэгтэл 2018 онд одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 379 дүгээр тогтоол гаргаж, тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журмыг баталж, экспортын тээврийг заавал хатуу хучилттай автозамаар хийх зохицуулалттай болсон. Тус журмын 2.3-т “Авто зам, замын байгууламжийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай барина” хэмээн зохицуулж, 2.5 дахь хэсэгт эдгээр үйл ажиллагаатай холбоотой бүх зардлыг тухайн автозам, замын байгууламжийг эзэмшигч, хөрөнгө оруулагч хариуцахаар тусгасан аж.
Одоо энэ тогтоол ёсоор “Терра Энержи” ХХК баруун ноён уулын уурхайгаас Нарийнсухайтын бүлэг орд хүртэлх 98.4 км сайжруулсан шороон замаа хатуу хучилттай болгох шахалтад ороод буй. Ноён суманд болсон хэлэлцүүлгийн үеэр нутгийн иргэд ч компаниас үүнийг шаардаж байв. Харин “Терра Энержи” компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, харуул хамгаалалтын менежер Э.Доржпүрэвийн хэлж буйгаар хатуу хучилттай автозам барихаар төлөвлөж, энэ дагуу нутгийн иргэд, малчдад танилцуулж байсан ч ковидын өмнөговь аймгийн өмнөх удирдлага тус замыг баруун бүсийн уурхай, Шивээхүрэн боомт чиглэлийн гол зам болгохоор тодорхой шийдвэрүүд гаргаж байсан аж. Аймгийн Засаг дарга асан, одоогийн уих-ын гишүүн Н.Наранбаатар 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн а/416 дугаар захирамжаар Даланзадгадаас Гурвантэс хүртлэх замын хуучин трассыг өөрчилжээ. Уг захирамжаар Баяндалай сумын тээгийн гүн гэх газраас “Терра Энержи” ХХК-ийн уурхай хүртэл 60 орчим км үргэлжлэх шороон замын трасс баталсан байдаг. Гэхдээ зураг төсөлгүй, төлөвлөгөөгүй. Ингэснээр Баяндалай сумаас Нарийнсухайтын 250 км автозам хатуу хучилттай болох байв. Төлөвлөгөө ёсоор компаниуд болон ЗТХЯ УУХҮЯ-наас 98.4 км замыг хатуу хучилттай болгохоор концесст оруулах саналыг Засгийн газарт өгсөн боловч “Боломжгүй” гэдэг хариу өгчээ. Тиймээс Тээгийн Гүнээс “Терра Энержи” ХХК ийн нүүрсний уурхай хүртэлх авто замын трасс үр дүнгүй болж, оронд нь өнөөх эмзэг хөрс сүйдэж, шороо тоос боссон зөрчлийг орон нутагт бий болгоод байна. Олон салаа замаар талхлагдсан энэ хэсгийг Цоохондойн тал гэх бөгөөд говийн мал амьтны бэлчээр нутаг аж.
Ийнхүү хуулиас давсан журмын зохицуулалт, эмзэг экосистем, байгаа олоо гүй бүтэлгүй шийдвэрүүдийн улмаас уул уурхайн тээвэрлэлтэд үл ойлголцол үүсэж, орон нутагт уул уурхай эсэргүүцэгчид газар авах шалтгаан болж байна. Үүнийг хэн нэг нь овжноор ашиглаж, хувьдаа нөлөөлөл олж авахаар оролддогийг өнгөрсөн сонгуулиар харсан. Адаг сүүлд нь компани, иргэд хоорон дын үл ойлголцол улам даамжраад л дуусдаг.
Ерөнхий сайд баруун чиглэлийн гол замын 80 км-ийг нь улсын төсвийн хөрөнгөөр барьж өгнө гэж амлаад явснаас хойш яг нэг жил болж байна. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзах үеэр уг асуудал говьчуудын хувьд шийдвэрлэх шаардлагатай хөгжлийн асуудлуудын гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан билээ. гэсэн ч энэ жилийн төсөвт зам барих хөрөнгө суусангүй. Уг нь ерөнхий сайд жилийн өмнө говьчуудтай уулзахдаа улсын төсөвт илүү их хөрөнгө төвлөрүүлж буй салбар, орон нутгаа дэмжих нь чухлыг онцолж байсныг сануулъя.
Яаж ийгээд экспортын эрчмийг алдахгүй, төсвийн орлогыг тасалдуулахгүй явуулах “даалгавартай” орон нутгийн удирдлагууд компаниудтайгаа нийлж хатуу хучилттай замтай болох арга хайж эхэлжээ. Харамсалтай нь “Монголын алт МАК” зэрэг томоохон компаниуд энэ тал дээр орон нутагтай хамтран ажиллах боломжгүй байгааг АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Э.Ганхуяг хэлсэн юм. Харин компанийн төлөөлөл энэ оны төлөвлөгөөнд зам барих төсөв суугаагүй, эрчим хүч, орон сууцтай холбоотой бусад зардлуудыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэдгээ хэлсэн юм.
Засгийн газрын тэргүүн хуулиас давсан журам баталж явахын оронд Автозамын тухай хуульдаа уул уурхайн экспортын тээвэр хийх тусгай зориулалтын замыг хатуу хучилттай болгохоор тусгачихвал бодлогын тулах цэг нь илүү бат бөх байхсан.