Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах, чухал ашигт малтмалыг онцлон хэлэлцсэн уулзалт болж байна

АНУ-ын Төрийн департамент болон Монгол улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам хооронд эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосей Фернандез болоод Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд АНУ нь газрын ховор элементийн хайгуул, судалгаа цаашлаад олборлолт, технологи мөн хүний нөөцийг бэлтгэх тал дээр Монгол улсад тусламж дэмжлэг үзүүлж энэ салбарт хөрөнгө оруулалт татах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгааг илэрхийлж энэхүү санамж бичгийг зурсан. Санамж бичгийг албажуулах ажил Монгол Улсын Ерөнхий Сайдыг АНУ-д айлчлах үеэр тодорхой болно гэдгийг албаны эх сурвалжууд мэдэгдлээ.

Мөн ашигт малтмалыг олборлох чиглэлд хөрөнгө оруулалт татах асуудлаар өнөөдөр үргэлжлүүлэн Гадаад харилцааны яаманд АНУ, БНСУ, Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд уулзаж санал солилцож байна.

Технологи хөгжихийн хэрээр газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ дэлхийн уул уурхайн салбарт маш өндөр болж байгаа. Харин Монгол улсын хувьд Өвөр Монголын Баян-Овоо ордтой маш ойрхон оршдог тийм учраас газрын ховор элементийн нөөц хангалттай байгаа гэдэг таамаг байгаа.Гэхдээ газрын ховор элементийн хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татаж олон улсын туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай байна гэдгийг салбарын сайд тодотгон хэллээ.

Гол нь Монгол улсын хувьд газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажил 1990 оноос хойш орхигдсон бөгөөд 2022 оноос эрчимжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхий Сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд газрын ховор элементийн судалгааны төвийг 2 орон хамтран байгуулахаар болсон энэхүү судалгааны төвийн үйл ажиллагаанд АНУ хамтран оролцох ямар боломжууд байгаа талаар өнөөдөр хэлэлцэнэ. Монгол улсын газрын ховор элементийн ордын эзэмших зөвшөөрөл нь ихэвчлэн хувийн хэвшилд байдаг учраас хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлд АНУ-тай хамтарч ажиллана гэдэг мэдээллийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өглөө.

А.Халиун