Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

МЕТАН ХИЙ МОНГОЛЧУУДЫН АЛДАГДСАН БОЛОМЖ БОЛЧИХ ВИЙ

МЕТАН ХИЙ МОНГОЛЧУУДЫН АЛДАГДСАН БОЛОМЖ БОЛЧИХ ВИЙ

Д.Оюунчимэг

Дэлхийн зах зээлд өнгөт метал болон газрын ховор элементийн хэрэглээ эрс нэмэгдэж буй энэ цаг үед метан хийн эрэлт ч мэдэгдэхүйц өсөж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Монгол улс нүүрсний арвин нөөцтэй. Энэ нөөцөө түшиглэн нүүрсний давхаргын метан хий олборлох бүрэн боломж байна. Гэхдээ энэ салбарт монголчууд манлайлж чадах эсэх нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарах аж.

Яагаад метан хийг онцлоод байна вэ. Нийслэлчүүд төдийгүй аймгийн төвүүд ч битүү саарал утаан дунд амьдрах болсоор чамгүй хугацаа өнгөрч байгаа. Утааг арилгах шийдэл, гарц хайж хэдэн тэрбумаар төсөвлөсөн ч тусыг эс олсон нь бодит үнэн.

Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Төмөрбаатар хэдэн жилийн өмнө

“Нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлж, олборлосноор түүхий нүүрснээс татгалзан, экологийн хувьд цэвэр түлш ашиглана. Мөн цахилгаан станц, жижиг зуух, төмөрлөгийн үйлдвэр, өндөр даацын авто машин, нийтийн тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээг хийн түлшээр хангаж, агаарын бохирдол буурах төдийгүй дэд бүтцийн салбарт ч чухал ач холбогдолтой” гэсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Одоо ч энэ байр суурь хэвээр байна.

Учир нь утаанаас салах, эрчим хүчний хараат байдлыг халах нь монголчуудын туйлын хүсэл гэвэл буруудахгүй. Тэгвэл бид алгуурлалгүй метан хийн нөөцөө тогтоож, олборлож, ашиглах арга замаа эрэлхийлэх цаг нэгэнт болжээ. монгол улс хоёр хөршөөс эрчим хүч, нефтийн шууд хамааралтай тул аль болох цаг алдалгүй нөөц эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлага тулгарч байгааг салбарынхан хэлдэг.

Манай улсын эрчим хүчний шинэ эх үүсвэрийн нэг хэсэг нь метан хий. энэ талаар “хэрвээ метан хийн нөөцөө судлахгүй байсаар цаг алдвал өөрсдөдөө байгаа үнэ цэнтэй нөөц баялгаа үнэгүй хаяж байгаагаас ялгаагүй” гэдгийг судлаачид сануулж байна. Магадгүй метан хий монголчуудын цалгар байдлаас үүдэн алдагдсан боломж болчих вий гэх болгоомжлол ч бас байна.

Нүүрсний давхаргын метан хийн талаар нэг үеэ бодвол бид тодорхой ойлголттой болсон. уламжлалт бус газрын тос гэдгээр нь байгалийн битум, занар, тослог элс, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглахыг зорьж байна.

Нөгөөтэйгүүр метан хийг уламжлалт болон уламжлалт бус гэдгээр нь ялгах, ойлгохын зэрэгцээ хууль, эрх зүйн орчныг улам сайжруулж, газрын тосны тухай хууль болон дагалдах журам, бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. огт хууль эрх зүйн зохицуулалтгүй байсан уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалт тодорхой зохицуулалттай болсон ч дахин боловсронгуй болгох шаардлага үүсчээ.

Зэрэгцээ хууль, эрх зүйн орчныг улам сайжруулж, газрын тосны тухай хууль болон дагалдах журам, бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. огт хууль эрх зүйн зохицуулалтгүй байсан уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалт тодорхой зохицуулалттай болсон ч дахин боловсронгуй болгох шаардлага үүсчээ.

нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын гэрээг “эрдэнэс тавантолгой” хувьцаат компанитай тавантолгойн нүүрсний уурхайд, “Монголын алт” (МАК) ХХК-тай Нарийнсухайтын нүүрсний орд газарт тус тус байгуулж байсан.

Өөдрөгөөр төсөөлье. метан хий ашиглах боломж бүрдлээ гэхэд эхний ээлжинд байгалийн хийн нөөц, ТЭЗҮ-ийг тогтоож, хийн шугам сүлжээ, насосын станцууд зэрэг иж бүрэн цогцолбор барих шаардлагатайг хайгуул, олборлолт хийж буй компанийн зүгээс тайлбарлаж байна. Үүнд чамгүй зардал хөрөнгө зарцуулахаас гадна мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй гэдгийг ч тэд анхааруулсан.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван компани 2019 оноос эхлэн монгол улсад метан хийн хайгуул хийж, туршилтын цооног өрөмдөх ажлаа эхлээд байна.

“Олборлолтын туршилт” нь эдийн засгийн үр ашгийг тогтоох зорилгоор гүйцэтгэх олборлолтыг хэлдэг. Туршилтын өрөмдлөг нь одоо байгаа хийн хэмжээг ашиглахад эдийн засгийн өгөөжтэй эсэх, боломжит олборлолтын хүчин чадал, талбайн ашиглалтын үргэлжлэх хугацааг тогтоодог.

Одоогоор зургаан талбайд дөрвөн компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Эдгээр компани 2018 оноос эхлэн метан хийн хайгуулын ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Туршилтын олборлолтын цооногийн үр дүн энэ онд гарах бөгөөд эерэг хүлээлт тэй байгаагаа ч тэд мөн хэлсэн юм.

Энэ бүгдийг нөөцийнх нь хувьд нэгтгэж, монгол улс метан хийн нөөцөө олон улсад баталгаажуулах цаг болсон. Түүнчлэн монгол улс нүүрсний арвин баялаг нөөцтэй тул нүүрсний давхаргын метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал үүссэн эсэх бодит мэдээлэл хэрэгтэй.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарал хүн төрөлхтөнд ноцтой сөрөг үр дагавар дагуулж байгаа учраас метан хий ашиглах сонголтыг хийхээс аргагүй болсныг олон улсын хурал чуулганы үеэр эрдэмтэн, судлаачид сануулсаар байна. Тэр ч бүү хэл, 2030 он гэхэд дэлхийд түүхий нүүрсний хэрэглээ огт байхгүй болно гэдгийг тэд онцолсон.

Хэрэв бид метан хийгээ олборлож, ашиглаж чадахгүйд хүрвэл ОХУ-аас Хятад руу нийлүүлэх байгалийн хийг Монголоор дайран өнгөрөх боломжийг алдаж болохгүй. Өнгөрсөн онд болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр монгол, орос, хятадын удирдагчид анхны чухал тохиролцоондоо хүрч чадсан. харин бид дараагийн шинэ алхамаа юунаас эхлэх вэ. Тиймээс л хийн түлшний эрэл хайгуул, гарц боломжийг эрэлхийлэх цаг нь ирлээ гээд байгаа хэрэг. Учир нь нийслэлийн утааг арилгахад байгалийн хий, тэр дундаа шингэрүүлсэн хийн түлш хэрэглэх нь зөв зүйтэй юм гэдэгтэй хотын захиргаа санал нэгдэж буй. Хийн түлшийг эрчим хүчний салбарт хэрэглэснээр томоохон хотууд агаарын бохирдлоосоо салсан туршлага бий.

Дэлхийн улс орнууд метан хийг эрчим хүч, дулаан, химийн салбарт түгээмэл ашиглаж, үр ашгийг нь хүртэж байна. Хүмүүс эрүүл, аюулгүй орчинд амьдрахын тулд хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт ашиглаж болдгийг дэлхийн томоохон хотууд ийнхүү харуулж буй.

Үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой хэмээн заасан байдаг. Гэтэл Улаанбаатарын утаа иргэний үндсэн эрхийг зөрчиж, агаарын бохирдлын хохирогч болсоор байна. Энэ асуудлыг дорвитой шийдэх гарц нь метан хий байж болох юм.

Монгол улс хүлэмжийн хийг бууруулах тухай Киотогийн протоколд нэгдсэнээр тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс бусад өндөр хөгжилтэй орнуудтай адил хүлэмжийн хийг багасгах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, ногоон эрчим хүчийг хөгжүүлэх цаг ирсэн энэ үед хугацаа алдалгүй метан хийн хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл (2)

  • Төмөрбаатар. (202.126.88.202)
    Сэтгүүлч Оюунчимэг нүүрсний метаны талаар ийнхүү нийтлэл бичжээ. Уламжлалтай бус байгалийн хийн түлшийг нийгэм,эдийн засаг, хүний эрүүл мэнд, агаарын бохирдлыг бууруулах өндөр ач холбогдлыг нурших миний хувьд илүүц бизээ. Төрийн байгууллагуудаас онцгой анхаармаар асуудал бол хөрөнгө оруулагчидыг эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн хуульхэрэгтэй. Энэ талаар олон улсын туршлагыг харьцуулан судалж, өөрийн орны онцлогт тохируулсан хувилбар гаргаж хэлэлцүүлмээр санагддаг. Өнөөдрийн олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгө оруулагчдын өрсөлдөөнийг идэвхжүүлэх төрийн бодлого зайлшгүй шаардлагатай.
    2023 оны 06 сарын 30 | Хариулах
  • Иргэн (202.126.88.202)
    Яам болон АМГТГ Нүүрсний мётан болон уламжлалтай бус хийн талаарх хууль эрх зүйн орчин сайжруулах талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа хөрөнгө оруулагчдын санал сэтгэгдлийг сонсох, мөн бусад улс орны хөрөнгө оруулагчдыг хөхүүлэн дэмжиж буй туршлагыг өөрийн орны онцлогт харгалзан авч үзэж хуульчлах шаардлагатай.
    2023 оны 06 сарын 30 | Хариулах