Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Японы төлөөлөл хамтран ажиллахаа илэрхийлэв

Б.Ирээдүй

Япон улсын Шизүока мужийн захиргаа, бизнесийн удирдлагын төлөөлөл манай улсад айлчилж байна. Тэднийг Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шизүока мужийн Захиргааны бүс нутгийн гадаад харилцааны газрын дарга Маэшима Ясүтоши, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр Монголын ажил хэрэгч хүмүүс, бизнесийнхэнтэй хийдэг уулзалт, семинарыг энэ оны 10 дугаар сард дахин зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр уулзалтыг МҮХАҮТ, тус Танхимын гишүүн компани, ААН-үүдийн төлөөлөлтэй В2В хэлбэрээр, нүүр тулсан байдлаар, өргөн хүрээнд зохион байгуулахаа мэдэгдэж, бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр Япон улс Монголын бизнес эрхлэгч нартай хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгдлээ.

Уулзалтад Япон улсын Шизүока мужийн захиргааны Эдийн засаг, аж үйлдвэрийн газрын Үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн хангамж, хөгжлийн газрын дарга Яманэ Масацүгү оролцлоо.  

Японы төлөөлөгчдийг МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан хүлээн авч, Япон улс нь Монголын хувьд чухал зах зээл гэдгийг дурдаад бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тус арга хэмжээ нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа хэллээ.

Тэрбээр, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим дэргэдээ Бизнесийн ёс зүйн төвийг ажиллуулж буйг танилцууллаа. Монголд олон улсын “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас хэрэгжүүлж буй Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд хэлэлцүүлэг, аяныг зохион байгуулж буйг мэдээллээ. Энэ бүх үйл ажиллагааг олон улсын уул уурхайн компани “Рио Тинто” групп дэмжин ажиллаж буйг дуулгалаа. 

Эх сурвалж: montsame.mn