Б.БОЛОР
Агаарын тээврээр тайлант хугацаанд дөрвөн сая тонн ачаа болон шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2. 4 сая тонноор буурсан үзүүлэлт хэмээн Зам, тээврийн салбарын энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланд тэмдэглэжээ. Мөн авто тээврээр 29.9 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үеэс гурав дахин нэмэгдсэн байна. Бүр тодруулбал, импортын 47 хувийг Гашуунсухайт боомтоор, 41 хувийг Замын-Үүдээр, таван хувийг Алтанбулаг боомтоор нэвтрүүлжээ. Харин экспортын 55 хувийг Гашуунсухайт, 24 хувийг Шивээ хүрэн, есөн хувийг Ханги, таван хувийг Булган, долоон хувийг бусад боомтуудаар нэвтрүүлсэн хэмээн тус тайланд дурджээ.
Түүнчлэн усан замын тээврийн хэрэгслийн тоо 191 болж, өмнөх оны мөн үеэс 39 буюу 26.3 хувиар өссөн байна. Үүнээс 14 нь нийслэлд, 119 нь Хөвсгөл аймагт, 32 нь Архангайд бүртгэлтэй байдаг ажээ. Мөн нийт бүртгэлтэй усан замын тээврийн хэрэгсэл 79 буюу 41.7 хувь нь үзлэгт хамрагдаагүй бол 112 тээврийн хэрэгслээс 85 буюу 44.3 хувь нь үзлэгт хамрагдаж тэнцсэн үзүүлэлттэй байгааг Зам, тээврийн салбарын энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланд дурджээ.