Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулах үеэрээ ийнхүү хэллээ.
Ховд аймгийн иргэд шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг баримтлах, иргэдэд газрыг шударгаар эзэмшүүлэх, нутгийн уул усыг өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүргэдэйн ууланд иргэдийн зөвшөөрөлгүй хайгуул олборлолт хийхгүй байхыг Ерөнхий сайдад уламжилж тодорхой хариу хүссэн юм. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулахдаа “Халзан бүргэдэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй” гэлээ.
Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын гэрээнд удахгүй гарын үсэг зурна. Тус станц ашиглалтад орсноор бүс нутаг, улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.
2024 оны төсвийн төслийг боловсруулахад Засгийн газар иргэдийн саналыг авч байна. Ховд аймгийн иргэд Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах, Ховдын дулааны станцын өргөтгөлийн 2-р үе шат, Олон ястны өв соёлын цогцолбор музейн барилга, гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний зураг төсөв, Ховд-Улаангом чиглэлийн 163,3 км хатуу хучилттай автозам, Жаргалантын 320 хүүхдийн сургууль болон Ховд сумын цэцэрлэгийн барилга, 1000 айлын орон сууцны зураг төсөв, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл зэргээр төслүүдийг эрэмбэллээ.