Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЕРС-04 БАГЦЫН АЖИЛ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО

“Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ковидын үед алдсан 13 сарын ажлыг нөхөж ажиллах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.


2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг шийдвэрлүүлэхээр зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард байгуулсан.
Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байсан юм. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна. Тиймээс маш бага ашиглалттай байгаа уг зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх саналыг Энэтхэгийн талд тавьж, 2023 оны наймдугаар сарын 17-нд дэд зээлийн гэрээнүүд байгуулж, эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Дэд зээлийн гэрээ нь зээлийн үндсэн төлбөрийг 64.5 сая ам.доллар байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж байна. Мөн EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн санхүүжилт болох 789.0 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин долоон жилээр сунгалаа.


Энэхүү гэрээгээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн дөрвөн багц ажлууд нэг гэрээгээр зохицуулагдаж байсан, хоорондоо хамааралтай, удаашралтай байсныг гурав салгаж багц ажлуудын хэрэгжилт эрчимжих боломжтой болж байна.
Одоо EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ажил хүлээгдэж байна.  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас EPC-04 багц ажлын төсөвт өртөг болох 236 сая ам.доллар нь тендерийн явцад 422.0 орчим сая ам.доллароор нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдээд байна.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас EPC-04 багц ажлын хамгийн их хугацаа шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн 3 байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлэхийг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.